Саяхныг хүртэл бизнесийн аливаа шийдвэрт технологийн шийдэл нь сонголт байсан бол өнөөдөр энэ нь сонголт байхаа нэгэнт больжээ. Харин технологи илүү шинэлэг, бизнесийг бүхэлд нь сүлжсэн стратегийн гол цөм болсон. Даяарчлал дэлхийг улам хавтгай болгож бизнесүүд орон зайн хүчин зүйлээс төдийлэн хамаарал багатай болж ирсэнээр бизнесүүдэд дижитал шилжилт хийх зайлшгүй шаардлага бий болсоор байна. Зайнаас ажиллах, зайнаас борлуулалт хийх гэх мэт шаардлагууд энгийн үзэгдэл болсон.
Технологийн энэхүү хөгжил нь хүмүүний ердийн хэрэглээнд хувьсгал авчрахаас гадна бизнес хийх уламжлалт арга зүй, тогтолцоо, загварт ч онцгой эерэг өөрчлөлтүүдийг авчрах болжээ. 12 салбарын 941 гүйцэтгэх удирдлагын дунд хийсэн судалгаанаас 29 хувь нь “Дижитал давлагаа, технологийн нөлөөлөлд бизнес нь бага өртөнө” гэсэн бол эсрэгээрээ 30 гаруй хувь нь “Дижитал шилжилтийн нөлөөнд хүчтэй өртөнө”гэж хариулт өгсөн байна. Үүгээр ч зогсохгүй эдгээр салбаруудаас 3 салбарын манлайлагчид “Энэхүү Дижитал шилжилтийн нөлөөллөөс болж ойрын 5 жилд тэргүүлэх байр сууриа алдах эрсдэлтэй байгаа” гэж хариулсан байна.
ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ ХИЙХ ҮНДСЭН 4 ШАЛТГААН
1. Хэрэглэгчдийн хүлээлт
Технологи өндөр хөгжсөн өнөөгийн нөхцөлд бизнесийн байгууллагууд хоцрогдсон арга барил, технологиор ажиллах нь хэрэглэгчдэд огт таалагдахгүйг санаарай. Тэд шаардлагатай бүх мэдээллийг авдаг, хаана хэн яаж үйлчилдгийг мэднэ.
2. Байгууллагын үр бүтээмж
Дижитал шилжилт хийсэн байгууллагууд цагийн бүртгэл, хүний нөөцийн систем, цалингийн тооцоолол зэргээ хялбар автоматжуулж, өөрсдийн нөөцийг үндсэн бизнестээ бүрэн төвлөрүүлэх боломж бүрдэнэ.
3. Мэдээллийн аюулгүй байдал
Технологийн хөгжлөөс улбаатай мэдээллийн аюулгүй байдал нь өнөөдөр иргэд, байгууллагуудын хувьд амин чухал зүйл болсон. Тэгвэл дижитал шилжилтийг хийсэн байгууллага дотоод мэдээлэл, өгөгдлөөс эхлээд харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг найдвартай хамгаалдаг болно.
4. Хамтын ажиллагаа
Өнөөгийн хурц өрсөлдөөнт бизнесийн орчинд компаниуд салбарын бусад байгууллагууд, түншүүдтэйгээ хамтран хэрэглэгч, үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээнд нийцэх бүтээгдэхүүн үйлчилгээг гаргадаг болжээ. Дижитал шилжилт нь хамтын ажиллагааны хүрээнд үүсэх технологийн хүндрэлийг арилгаж, үр ашгийг нэмнэ.
Харин зочлохуйн салбарт шинэ технологиуд нь бизнесийн үйл явцыг оновчтой болгох, сайжруулах, өндөр чанартай хэрэглэгчийн сэтгэлд хоногшсон (customer experience) үйлчилгээг бий болгохтой шууд холбоотой. Энэ нь дижитал хэрэглэгчдийн хүсч буй зүйл болон танай бизнесийн хийж чадах зүйлсийн хоорондын ялгааг арилгах явдал юм.
Технологийн өндөр мэдлэгтэй энэ үеийн аялагчид үргэлж сайжруулсан шийдэл, өвөрмөц туршлагыг шаардсаар байгаа нь салбарын бизнесс эрхлэгчид тэдний хүлээлтээс давж, үйлчлүүлэгчдийн аялалыг дижитал хэлбэрт оруулах нь “сонголтгүй сонголт” болжээ.
Гэнэтийн COVID-19 цар тахлын дэгдэлт нь аялал жуулчлалын салбарыг “түр зогсоох товчлуур”-ыг дарахаас өөр аргагүй нөхцөл байдлыг үүсгэсэнээс бусдаар дижитал шилжилт нь энэ салбарыг шинэчилж, зарим тоглогчдыг ардаа орхиж үйлчлүүлэгчдийн зан байдал шинэ, шинэлэг туршлагууд руу гайхалтай хурдтайгаар шилжсээр байна.
Харин энэ шилжилтийн хамгийн эхний алхам бол Захиалгын Удирдлагын Систем (RMS) – ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээс эхлэх ба RMS – ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнээр олон улсын болон дотоодын Онлайн Захиалгын Систем (OTA) – үүдтэй холбогдох бүрэн боломжтой. Ялангуяа жижиг дунд буудлуудын хувьд RMS – ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж онлайн захиалгын системүүд дээр байршихгүй байх нь технологийн өндөр мэдлэгтэй энэ үеийн аялагчдын хүлээлтэд нийцэх үйлчилгээг үзүүлэх цаашлаад энэ талбарт тоглогч хэвээр үлдэх нь маш эргэлзээтэй болохыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.
Зочлох үйлчилгээний салбар дахь дижитал шилжилт нь олон улсад чиг хандлага байхаа больсон бөгөөд энэ нь боломжтой, уян хатан, хүлээн зөвшөөрөгдсөн брэндийг бий болгох, дэмжих, өсгөх чухал бүрэлдэхүүн хэсэг болжээ.
Дижитал бизнесийн шилжилт нь компанийн үйл ажиллагаанд хэмнэлт, үр ашиг бий болгох, ялгарал, өрсөлдөөний давуу талыг үүсгэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч болон хамтрагчдын үр бүтээлтэй харилцааг буй болгох, хамгийн гол нь компанийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх үндсэн зорилтод хүрэхэд оршино.
Өмнө дурдаж байсанчлан судалгаанд оролцогч жижиглэнгийн худалдаа, зочид буудал, медиа салбарынхны 50% гаруй нь дараагийн 5 жилд Дижитал шилжилт салбарт нь хүчтэй явагдах ба бизнесээ үүнд нийцүүлэх хүсэлтэй гэсэн бол харьцангуй бага нөлөөлөлд автана гэж уул уурхай, газрын тос олборлолт, дэд бүтцийн компаниудын 30% орчим хувь нь хариулсан байна.
Өрсөлдөөний орчин ширүүсэн технологийн нөлөө улам их болж буй энэ цаг үед компаниуд бизнесийн загвар, стратегидаа эрс өөрчлөлтүүдийг хийж буй бөгөөд энэхүү өөрчлөлтүүд нь ихэвчлэн цахим бизнесийн шилжилтийн стратеги болон тодорхойлогдож байна. Та өрсөлдөөнд тэсэж үлдэх, улмаар салбарынхаа манлайлагч нь байя гэж л байгаа бол Дижитал шилжилтийг байгууллагадаа хийхээс өөр аргагүй болох нь гэж ойлгож болно.