Гэнэтийн КОВИД-19 цар тахал нь дэлхий нийтэд АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-ын салбарын үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгуулсан хугацаа байлаа. Аялал жуулчлалын салбар нь нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд болон залуучуудад ажиллах боломж олгох зэрэг нийгэмд эерэгээр нөлөөлдөг салбараар тодорсон. Энэ салбар нь зөвхөн ДНБ (Дотоодын Нийт Бүтээгдэхүүн) болон ажил эрхлэлтэд үзүүлэх шууд нөлөөллөөс гадна шууд бус байдлаар эдийн засгийн бүхэл бүтэн экосистем, нийлүүлэлтийн сүлжээ болон бусад бүх салбарт үнэтэй хувь нэмэр оруулдаг салбар юм.
Тус салбар нь 2019 онд дэлхийн ДНБ-ийн 10.4% буюу 9.2 их наяд ам.доллар, бүх ажлын байрны 10.6% буюу 334 сая ажлын байрыг бүрдүүлдэг дэлхийн хамгийн том салбаруудын нэг байсан бөгөөд нийт шинээр бий болж буй ажлын байрны дөрөвний нэгийг бий болгосон байна. Гэвч КОВИД-19 цар тахал болон үүнээс улбаалсан хөл хорионы үр дүнд аялал жуулчлалын салбар 4.5 их наяд ам.долларын алдагдал хүлээсэн бөгөөд дэлхийн ДНБ-д оруулах ашиг нь 2019 онтой харьцуулахад 49.1% -иар буурч, 2020 онд ердөө 4.7 их наяд ам.долларт хүрсэн байна.
Өмнөх онтой харьцуулахад, 2020 онд КОВИД-19 цар тахлын улмаас 62 сая ажлын байр алга болж, дэлхий даяар ердөө 272 сая хүн л ажилтай үлджээ. Энэхүү 18.5% бууралт нь аялал жуулчлал, аялал жуулчлалын бүх экосистемд нөлөөлсөн бөгөөд энэ салбарт дэлхийн бүх бизнес эрхлэгчдийн 80% -ийг бүрдүүлдэг Жижиг, дунд үйлдвэрүүд (ЖДҮ) онцгой өртсөн байна.
Дэлхийн улс орнуудын засгийн газрууд КОВИД-19-ийн эсрэг хариу арга хэмжээ авахдаа нэн түрүүнд хүн ардынхаа эрүүл мэндийн чухалчлан үзсэн ч цаашид эдийн засгийн хохиролыг нөхөхийн тулд улс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байна.
“Цаашдаа аялал жуулчлалын салбарын хурдацтай сэргэлтийг дэмжихийн тулд дэлхийн удирдагчид тодорхой эрүүл мэндийн шалгалт үзлэг, дүрэм, аялах хөдөлгөөний протокол, жуулчдын итгэлийг сэргээх талаар зохицуулсан хариу арга хэмжээнүүдийг авч ажиллах нь салбарын сэргэлтийг хурдасгах боломжтой”
Дэлхийн Аялал Жуулчлалын Зөвлөлийн (World Travel and Tourism Council) 2021 оны 185 оронд хийсэн судалгаагаар хэрэв энэ оны 6-р сар гэхэд олон улсын хөдөлгөөн, аяллыг сэргээвэл 2020 онд алдсан 62 сая ажлын байрыг 2022 он гэхэд нөхөх боломжтой гэж дүгнэсэн.
Жуулчдаас гарах ашгийг дотор нь гадаад, дотоод гэж хуваавал дотоодын жуулчдаас гарах ашиг өмнөх оноос 45%-иар буурсан бол гадны жуулчдаас гарах ашиг 69.4%-иар эрс буурч, аялал жуулчлалын салбар болон дэлхийн ихэнх улс орнуудад эдийн засгийн ихээхэн гарз хохирол учруулсан. Хичнээн хохиролтой байсан ч дэлхий нийтээрээ дотоодын аялал жуулчлалыг дэмжиж, дотоод аялагчид ДНБ-д оруулах ашиг нь 2019 оны 72% -иас 2020 онд 82% хүртэл нэмэгдсэн тренд ажиглагдсан. Үүнтэй холбоотойгоор амралт зугаалгаар аялсан жуулчдын ашиг нь 49.4%-иар буурсан нь ажлаар аялсан жуулчдын ашгаас (61%-иар буурсан) арай бага байсан байна.
Дэлхийн улс орнуудад учирсан КОВИД-19 нөлөөллийг бүсчлэлээр нь хувааж үзвэл:
Америк (Өмнө, Хойд, Карибын улс орнууд)
Америк тивийн хувьд аялал жуулчлалын ДНБ-нд оруулсан хувь нь 2020 онд өмнөх онтой харьцуулахад 42.4%-иар буурч, Америк тив дэлхийн хамгийн бага хохирол амссан томоохон бүс нутаг болжээ. Үүний үр дүнд дэлхийн аялал жуулчлалын ДНБ-ий 35 хувийг эзэлж, эдийн засгийн ач холбогдлоороо хамгийн том бүс нутаг хэвээр үлдсэн. Үүн дотор 42%-иар буурсан хэдий ч АНУ нь дэлхийн аялал жуулчлалын хамгийн том эдийн засаг хэвээр байна.
Африк
Африкийн аялал жуулчлалын ДНБ-д оруулсан ашиг нь 2020 онд 49.2%-иар буурсан бол ажил эрхлэлтийн алдагдлаараа бусад бүс нутгаас хамгийн их хохирол амссан байна (7.2 сая хүн ажилгүй болсон). Эдийн засгийн гүйцэтгэлийг харьцуулж үзэхэд Сахарын хэсгүүд Хойд Африктай харьцуулахад илүү сайн ажилласан. Аялал жуулчлалын ДНБ-д оруулах хувиараа Африкийн хамгийн том эдийн засагтай орнууд өөрчлөгдөөгүй хэвээр байгаа бөгөөд Египет (14.4 тэрбум ам. доллар), Өмнөд Африк (11.1 тэрбум ам. доллар), Нигери (11 тэрбум ам. доллар) зэрэг орнууд тэргүүлсээр байна.
Ази, Номхойн далай
Ази, Номхон далайн бүс нутаг нь аялал жуулчлалын ДНБ-д оруулах хувь нь 7.4%-иар өсч, 2019 оны байдлаар хамгийн хурдацтай хөгжиж буй бүс нутаг байв. Гэсэн хэдий ч 2020 онд КОВИД-19-тэй холбоотой хөл хорионы улмаас салбарын хувь нэмэр нь 53.7%-иар буурсан хамгийн муу гүйцэтгэлтэй бүс байв. Олон улс хилийн чанадад ирж буй жуулчдад хилээ хааснаас болж гадны жуулчдаас олох ашиг нь 74.4%-иар буурсан боловч дотоодын жуулчдаас олсон ашиг нь 2019 онд 74% байсан нь 2020 онд 85% болтлоо өссөн байна. Энэ нь зарим улс орнуудын дотоодын жуулчлалын дэмжих хөтөлбөрүүдтэй нэн холбоотой байсан. Жишээлбэл Тайланд улсын засгийн газраас “Гайхамшигтай Тайландын их хямдрал 2020-Тасралтгүй худалдаа” урамшуулалд хөнгөлөлттэй нислэгийн багц, газрын аялал, дотоодын аялагчдад зориулсан зочид буудлын урамшуулал зэрэг багтсан болно.
Европ
Европын бүс нутгийн хувьд 2020 онд 51.4%-иар буурсан боловч гадаадын жуулчдын ашиг нь Европ доторх дотоод аялал сайн байдгаас шалтгаалан дэлхийн дундаж бууралтаас доогуур байв. Түүнчлэн Европын зарим улс орнууд дотоодын аяллаа дэмжих хэд хэдэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Жишээлбэл, Итали улс “Italy Cure” буюу дотоод аялал жуулчлалаа аврах төлөвлөгөөг 2020 оны 5-р сард хэрэгжүүлсэн бөгөөд үүнд орлого багатай гэр бүлүүдэд аялал жуулчлалын зориулалтаар зарцуулж болох 500 хүртэлх еврогийн “урамшуулал” багтсан болно.
Ойрхи Дорнод
Ойрхи Дорнод нь 2019 онд Ази, Номхон далайн бүсийн дараа орох хамгийн хурдацтай хөгжиж буй хоёр дахь бүс байсан бөгөөд өсөлт нь Саудын Араб болон “Алсын хараа 2030” стратегитэй нэн уялдаатай байсан боловч 2020 онд 51.1%-иар буурсан байна. Бусад дэлхийн бүс нутгийн нэгэн адил дотоодын аялал нь ихэсч 2019 онд 38% байсан бол 2020 онд 54% болж өсчээ.
Цаашдын алхамууд
Хэдий ирээдүйн зам тодорхойгүй мэт санагдаж болох ч, цаашдаа эдгээр бэрхшээлтэй асуудлуудыг аялал жуулчлалын салбар боломж болгох боломж өндөр байна. Эрэлт хэрэгцээний үүднээс авч үзвэл, КОВИД-19 нь аялагчдын хандлага, зан төлөвт өөрчлөлт оруулж, жуулчдын хувьд илүүтэйгээр өөрийнхөө танил, урьдчилан таамаглах боломжтой, итгэж болохуйц, бага эрсдэлтэй газар аялах хандлагатай болгож байна. Энэ нь эргээд дотоодын болон бүс нутгийн амралт, өргөн хүрээний судалгаа, төлөвлөлт, аялал жуулчлалын бизнесүүд болон орон нутгийн иргэдтэй хэрхэн хамтран ажиллах талаар эргэцүүлж, одоо байгаа загварчлалаа шинэчлэх боломжтой цаг үе юм.
Түүнчлэн бид бүхний нүдэн дээр харагдаж байгаа томоохон өөрчлөлт бол КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй технологийн шинэчлэлт, цахим шилжилт билээ. Хэрэглэгчид аль болох аюулгүй, хүнтэй харьцахгүй буюу контактгүй технологийг шаардах болсон. Үүнийг дагаад аялал жуулчлалын байгууллагууд аялагчдын хувийн мэдээлэл болон кибер аюулгүй байдлыг чухалчлан үзэх шаардлагатай болж байна.
Эцсийн дүндээ хамтын ажиллагаа, олон улсын уялдаа холбоо нь салбарын оршин тогтноход нэн чухал юм. Аялагчийн ачааг хөнгөвчлөхийн тулд олон талт хамтын ажиллагаа шаардлагатай бөгөөд төр, хувийн хэвшил, олон нийтийн түншлэл энэ салбарын цаашдын амжилтын үндэс болно.
Нэр томъёолол:
Аялал жуулчлалын ДНБ-д оруулах хувь гэдэг нь зочид буудал, аялал жуулчлалын агентлагууд, агаарын тээврийн компаниуд болон бусад зорчигч тээврийн үйлчилгээ зэрэг жуулчидтай шууд харьцдаг ресторан, шууд болон шууд бус холбогдолтой бусад салбаруудын орлогыг хэлнэ.