Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хурдацтай өсөлттэй байсан салбар бол яахын аргагүй АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ. Энэ ч хэрээрээ Монгол улсыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байсан. Харамсалтай нь Шинэ коронавирусийн халдварын нөлөөгөөр хамгийн хүнд цохилтод шууд өртөөд байгаа салбар ч мөн л АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ. Энэ салбар үндсэндээ дэлхий даяар ТЭГ ЗОГСОЛТ хийсэн анхны салбар гэхэд ч нэх хилсдэхгүй биз ээ.
“Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар коронавирусний тархалтаас улбаатай энэ удаагийн эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хохирол ихтэйд тооцогдож байна”.
Дэлхий дахинд нүүрлээд буй КОВИД-19 цар тахлын улмаас 2020-2021 оны хооронд Улсын онцгой комиссоос хэрэгжүүлсэн өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы дэглэмийн улмаас Зочид буудал, Амралтын газар, Жуулчны баазын үйл ажиллагааг зогсоож байгаа нь Аялал жуулчлалын салбарыг бүрдүүлэгч чухал нэгжүүдийн тогтвортой байдалд хүчтэй нөлөө үзүүлж байгаа нь тус салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллүүдийг хамруулсан судалгааны дүнгээс тодорхой харагдаж байгаа юм. Энэ байдал нь цаашлаад 36280 хүний ажлын байр эрсдэлд орох хэмжээний аюултай байдалд байгааг ч мөн харж болно.
Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд манай Засгийн газраас авч хэрэгжүүлсэн багц арга хэмжээ хувь хүн, өрхөд чиглэсэн болохоос ААН, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг хадгалахад ямар ч нөлөө үзүүлээгүй гэдгийг ч мөн бизнес эрхлэгчид хэлж байна.
Манай аялал жуулчлалын салбарын санхүүгийн баланс сүүлийн 10 гаруй жил алдагдалтай явж ирсэн. Харин КОВИД-ын нөхцөл байдал үргэлжилсэн сүүлийн 2 жилийн хувьд монголчуудыг даган гадагшилдаг мөнгөн урсгалын гуравны нэг нь дотооддоо үлдсэн нь лавтай. Монголчууд дотооддоо идэвхтэй аялсан сүүлийн 2 жилд (зуны улиралд) худалдаа үйлчилгээний салбар эрс сэргэж, тэр ч бүү хэл гадны жуулчид зорчиж байх үеийнхээс ч илүү байсныг орон нутгийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид онцолсон. Тур оператор, зочид буудал, хөтөч орчуулагч нар тэг зогсож, санхүүгийн хүндрэлд орсон бол аяллын дэлгүүр, дотоодын голлох маршрут дагуух амралтын баазууд, хоолны газар, аймаг болон сумын төвийн дэлгүүр, захууд, бензин түгээх станцууд ашигтай ажилласан байна.
“Модерн номадс” рестораны Улаанбаатар дахь салбарууд үйлчлүүлэгч багатай байсан ч Хөвсгөл дэх салбар амжилттай, тун ирээдүйтэй байсныг төв салбарын менежер дурьдсан юм. Мөн Хөвсгөл, Завханы хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд бараагаа нийлүүлдэг борлуулагчдын хэлж буйгаар бол өнгөрсөн жил сард 30 сая төгрөгийн борлуулалт хийж байсан бол энэ жил зуны саруудад 100 саяыг өлхөн давж байсан аж. Энэ нь дотоодын жуулчлал орон нутгийн худалдан авалтыг гадны жуулчдаас хэд дахин илүү дэмждэгийг харуулж буй нэгэн үзүүлэлт. Цаашлаад энэ нь орон нутгийн эдийн засагт аль нь илүү өгөөжтэй вэ гэдгийг эргэцүүлж судлах хэрэгцээг үүсгэж байна. Хөвсгөлийн зарим бааз орлогын хувьд шинэ рекорд тогтоосон бол Буйр нуур орчмын гэр баазууд өмнөх жилээс хоёр дахин өндөр ашигтай ажилласан байна.
“Орон нутгийн иргэдийн эдийн засгийг дэмжих гол сувгуудын нэг нь дотоодын аялал жуулчлал гэдгийг КОВИД бидэнд харууллаа”.
Сүүлийн 2 жил гадаадын жуулчдын урсгал тасарснаар хөтөч орчуулагч, жолооч, тур оператор, авиа компани тэг зогсолт хийсэн. Нэг ёсондоо дотоодын аялагчдын идэвхээр энэ жил аялал жуулчлалын салбар царцаагүй боловч энэ мөнгөний урсгал салбарыг бүхэлд нь хамарч чадаагүй. Жам ёсоороо, улс орнуудын дотоод аяллын суурин дээр гадаад аялал жуулчлал хөгждөг бол манайд 1990 оноос хойш эсрэг хөгжиж, нэг талаар маш том гажуудал бий болгосныг КОВИД-19 илрүүлж өглөө.
iHotel компаний хувьд аялал жуулчлалын салбарт шинэ технологийг нэвтрүүлж, салбарын хөгжилд идэвхтэй оролцож байгаагын хувьд цаг үеийн давагдашгүй нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон Зочид буудал, Амралтын газар, Жуулчны баазууд зэрэг аялал жуулчлалын салбарыг бүрдүүлэгч чухал нэгжүүддээ ажлын байраа хадгалах, үйл ажиллагаа хэвийн явагдаж эхлэх хүртэл мөнгөн урсгал бий болгох зорилгоор “Хямд АМАР” онлайн экспог санаачлан БОАЖЯ-тай хамтран амжилттай зохион байгуулаад байна. Мөн үүний зэрэгцээ MyHotel Academy онлайн сургалтыг санаачлан хөл хорионы үеийг зөв ашиглан хамтдаа суралцах, хөгжих боломжуудыг бүрдүүлсэн онлайн сургалтуудыг зохион байгуулсан нь олон олон харилцагчидын талархлыг хүлээгээд байна.
Сэтгэлд нь хоногшсон үйлчилгээг (customer experience) үзүүлэх зорилго, сэтгэлгээтэй байх нь шинэ цагийн бизнесийн амин сүнс болсон. Тэгвэл энэ боломжийг бүрдүүлэгч гол хэрэгсэл нь ердөө л цахим шилжилт юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчээ мэдрэхгүй, хэрэглэгч төвтэй биш байх нь бизнесийн гол аюул занал. Цахим шилжилт нь технологийн дэвшлийг ашиглан боломжийг нэмэгдүүлэхийг хэлж байгаа ч цаад утгаараа, хамгийн гол нь хэрэглэгч төвтэй байх явдал юм.
Өнөөдөр технологийн хурдыг уламжлалт бизнесийн арга барилаар гүйцэх боломжгүй. Харин энэхүү орон зайн дээр технологийн боломжийг онцгой санаануудтай хослуулсан стартап компаниуд хүч түрэн орж ирсээр байгааг бид мэднэ.
Жишээлбэл: Өөрсдийн гэсэн нэг ч машингүй “Uber”, нэг ч зочид буудалгүй “Airbnb”, нэг ч кинотеатргүй “Netflix” зэрэг компаниуд.
Цахим шилжилтийн гол зорилго нь технологи хүчийг нэмэгдүүлэх гэхээсээ илүү хэрэглэгч, үйлчлүүлэгч төвтэй бодлогыг баримталсан явдал юм. Uber, Airbnb, Netflix гэдэг компаниуд урьд нь байгаагүй технологийг ашигласан гэхээсээ илүү хэрэглэгчдэд хамгийн таатай, тавтай байх үйлчилгээг технологийн туслалцаатай хүргэсэнд амжилтын гол нууц нь байгаа юм.
Өнөө үед зочид буудлуудад зориулсан шинэ технологиуд нь бизнесийн үйл явцыг оновчтой болгох, сайжруулах, өндөр чанартай үйлчилгээг бий болгохтой шууд холбоотой. Энэ нь дижитал хэрэглэгчдийн хүсч буй зүйл болон танай бизнесийн хийж чадах зүйлсийн хоорондын ялгааг арилгах явдал юм.
Технологийн өндөр мэдлэгтэй энэ үеийн аялагчид үргэлж сайжруулсан шийдэл, өвөрмөц туршлагыг шаардсаар байгаа нь салбарын бизнес эрхлэгчид тэдний хүлээлтээс давж, үйлчлүүлэгчдийн аялалыг цахим хэлбэрт оруулах нь “сонголтгүй сонголт” юм.
Нийтлэлийн эхэнд дурьдсанчлан АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ бол хамгийн хурдтай өсөлттэй байсан салбарын нэг бөгөөд энэ салбар нь цаг үеийн тодорхой нөхцөл байдлын улмаас түр зогсолт хийсэн. Харин олон улсад хамгийн түрүүн европын аялал жуулчлал сэргэх ба 2024 оны эхний улиралд АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛын салбар 2019 оны (КОВИД-ын өмнөх үе) үзүүлэлтийг давна гэсэн тооцоололтой байна.
Аялал жуулчлалын салбар тэр дундаа Зочлох үйлчилгээний салбар дахь дижитал шилжилт нь олон улсад чиг хандлага байхаа больсон бөгөөд энэ нь боломжтой, уян хатан, хүлээн зөвшөөрөгдсөн брэндийг бий болгох, дэмжих, өсгөх чухал бүрэлдэхүүн хэсэг болжээ.
Харин энэ шилжилтийн хамгийн эхний алхам бол Захиалгын Удирдлагын Систем (RMS) – ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээс эхлэх ба RMS – ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнээр олон улсын болон дотоодын Онлайн Захиалгын Систем (OTA) – үүдтэй холбогдох бүрэн боломжтой. Ялангуяа жижиг дунд буудлуудын хувьд RMS – ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхгүйгээр, онлайн захиалгын системүүд дээр байршихгүйгээр технологийн өндөр мэдлэгтэй энэ үеийн аялагчдын хүлээлтэд нийцэх үйлчилгээг үзүүлэх цаашлаад энэ талбарт тоглогч хэвээр үлдэх нь маш эргэлзээтэй.