Дэлхийн хэмжээнд 2019 оны байдлаар улс дамжин аялж буй жуулчдын 86% нь онлайнаар зорин очих газраа судалж, 52% хувь нь онлайн системүүдийг ашиглан захиалга гүйцэтгэж байна. Аялал жуулчлалын салбар нь Монгол улсын хувьд жил бүр 1.4 их наяд төгрөгийн экспортыг бий болгодог чухал салбар юм. Тэгвэл манай улсын аялал жуулчлалын салбарын цахимжуулалтын талаарх “аялал жуулчлалын цахимжуулалт” судалгааг өнгөрсөн 5 дугаар сард АЙХОТЕЛ ХХК-иас (iHotel) явуулсан бөгөөд нийт 18-50 насны 3350 хүн хамрагдсан судалгааны дүнг тоймлон хүргэж байна.
Уг судалгааны дүнгээс харахад сошиал медиа бидний амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг болсон ба дотоодын аялагчдад аялах сэдэл өгдөг хамгийн чухал суваг болсон, мөн аялагчдын аялах дадал, давтамж маш өндөр болсон нь харагдаж байна.
Үүнээс гадна аялалаа төлөвлөх үед аяллын үзвэр үйлчилгээ болон байрлах газрын захиалгаа онлайнаар өгөх хангалттай мэдээлэл байдаггүйгээс урьдчилан захиалж чаддаггүй гэх хариулт нь харьцангуй өндөр хувийг эзэлж байгаа нь энэ салбарын цахим шилжилт нь маш удаашралтай байгааг илтгэж байна. Мөн энэ салбарын бизнес эрхлэгчид нь цахим шилжилтийг хийх сонголтгүй сонголтын өмнө иржээ.