Аялах хүсэл их байвч хүслийг хясах цар тахлын тархалт, мутацлагдсан вирус зэргээс болж хүмүүс аялал зугаалгандаа илүү нухацтай хандах болжээ. Гэвч аялагчид, жуулчид бууж өгсөнгүй. Харин ч шинэлэг байдлаар аяллаа төлөвлөж эхэлжээ. Тэгвэл цар тахал намжсаны дараа аялал жуулчлалд ямар трендүүд бий болох бол?
Ингээд та бүхэнд цар тахал намжсаны дараах аялал жуулчлалын трендүүдийг танилцуулъя.
1. Хүн голлох аялал жуулчлал
Ковентри ИС-н лектор, аялал жуулчлалын салбарын судлаач доктор Фабио Карбоны үзэж буйгаар ковидын дараах аялал жуулчлал бол очих газрыг чухалчлахаасаа илүү аялаж буй хүмүүст анхаарал хандуулах төлөвтэй байна.
2. Voluntourism
Сайн дурын аялал жуулчлал буюу voluntourism бол гадаадад зочлонгоо сайн дурын ажил хийх гэсэн утгатай аялал жуулчлалын үйл ажиллагаа юм. Хэдийгээр энэ төрлийн аялал нь хөгжил буурай болон хөгжиж буй орны нийгэмд эерэг хувь нэмэр оруулж байгаа эсэх талаар зарим хүмүүс эргэлздэг ч сайн дурын ажил нь хүмүүнлэг байдлын үнэ цэнийг өсгөж, нийгмийн сайн сайхны төлөө бодит оролцоотой байхад уриалж байдаг. Хөгжиж буй орнуудад ковидын нөлөөгөөр эдийн засгийн байдал улам хүндэрсэн тул сайн дурын аялал жуулчлал зөвхөн хүсэж хийгээд зогсохгүй зайлшгүй хийгдэх шаардлагатай аяллын нэг төрөл болох нь.
3. Нэн тэргүүнд аюулгүй байдал
Хүн хоорондын зай барих, эрүүл ахуйн дэглэм мөрдөх шаардлагыг аялагчид чухалчилсаар байна. Өөрөөр хэлбэл “Нэн тэргүүнд аюулгүй байдал” гэсэн үзэл ач холбогдол бүхий хэвээр үргэлжилнэ. TripAdvisor -ийн хийсэн судалгаагаар аялагчдын 66% нь байрлаж буй газрынхаа аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийг голлох хүчин зүйл хэмээн үзэж байна.
Аюулгүй байдал, эрүүл ахуй нь зочлох газар, аялал жуулчлалын хөтөлбөрийг сонгох чухал шалгуур болсонтой холбоотой нэгэн жишээ дурдвал, Turismo de Portugal буюу Португалийн аялал жуулчлалын холбооноос 2020 оны 4-р сард Цэвэр бас аюулгүй шошгыг танилцуулжээ. Энэхүү шошго нь Португалийг аялахад аюулгүй газар болгон сурталчлах зорилгоор COVID-19-ийн эрүүл ахуйн протоколд нийцсэн Португалийн аялал жуулчлалын бизнесүүдийг онцлон харуулсан. Энэхүү шошгод хамрагдахын тулд ажилчдын сургалт, үйлчлүүлэгчдийн мэдээлэл, хамгаалалтын техник хэрэгсэл, олон улсын цэвэрлэгээ ариутгалын протоколтой танилцах зэрэг хөтөлбөрүүдийг өрнүүлжээ. Ингээд 2020 оны 8 -р сар гэхэд 20,000 гаруй аялал жуулчлалын бизнес аль хэдийн бүртгүүлж “Цэвэр бас аюулгүй” орчин болсон байна.
4. Bleisure- Ажиллангаа аялах нь
Ажил (business), амралт (leisure) хоёрын холимог болох bleisure аялал жуулчлалын чиг хандлага хэвээр үргэлжилнэ. Олон хүмүүс нэг газраа удаан хугацаагаар аялж, тухайн орон нутгийн иргэдтэйгээ танилцах, соёлыг нь гүнзгий мэдрэхийг хүсдэг. Үүнийг бодит болгох боломжтой болсон нь зайнаас ажиллах юмуу суралцах боломж дэлхийд ноёлож байгаагаас үүджээ. Ажил, хичээлээ зайнаас гүйцэтгэнгээ урт хугацааны аялалд гарах нь одоо тийм ч хэцүү биш болсон.
5. Технологийн өргөн хэрэглээ
Бас нэгэн трэнд бол та хүнтэй харилцах шаардлагагүйгээр технологи ашиглан аяллаа зохион байгуулах юм. Одоо хүн бүрт гараа угаах, маскаа зүүх гэдэг нь автомат үйлдэл болсонтой адил байрлах газраа онлайнаар захиалах, ресторанд цаасан меню бус утаснаасаа меню үзэж захиалга өгөх, өөртөө үйлчлэх киоск машин ашиглах зэрэг нь аялал жуулчлалын ертөнцөд хүч түрэн орж ирж байна. Цар тахал нь эдгээр технологиудыг аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэх ажлыг хурдасгасан юм.
6. QR-тай аялал
Аялал жуулчлалын салбарынхан жуулчдад тулгарч буй зарим бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд орчин үеийн технологийг ашиглах боломжтой. Дэлхийн олон хотууд жуулчдад мэдээлэл түгээх зорилгоор QR код технологийг ашиглаж байна.
Жишээ нь, зочид буудлууд угтах хэсэгт QR байршуулж зочин ресепшнтэй харилцалгүй захиалгаа утаснаасаа хийх, өрөө болон ресторанд байршуулж үйлчилгээний захиалга авах гэх мэтээр ашиглаж эхлэсэн.
Мөн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнд QR кодыг байршуулах нь түгээмэл болоод байна. АНУ-ын Централ Парк дотор олон байршилд QR байрлуулсан байх бөгөөд утсаараа уншуулахад цэцэрлэгт хүрээлэнгийн вэбсайт болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн холбоосыг харуулахын зэрэгцээ зарим сонирхолтой баримтуудыг хамтад нь үзүүлж мэдээлэл өгдөг нь тун сонирхолтой.
7. Дараагийн алхам- VR
Шинэ ертөнцийг нээж, шинэ соёлд нэгдэж, оюун санаагаа шинэчлэх хүсэл нь хүн төрөлхтний онцлог шинж чанар байсаар ирсэн бөгөөд цаашид ч энэ мөн чанаар үргэлжилсээр байна.
2021 онд аялагчид онлайн ертөнцийг, түүний дотор виртуал туршлагыг ашиглах сонирхол өндөр байх болно. Жишээлбэл, хамгийн сүүлд л гэхэд Италид VR-р зочлох нь төслийг хэрэгжүүлж, аяллын жуулчлалаа онлайнаар дамжуулан борлуулж байна.
8. Байгалын аялал
Байгалд, гадна орчинд аялал хийх нь ковидын үед хамгийн аюул багатай аяллын төрөл яах аргагүй мөн. Аялагчид аглаг хөдөөд, эсвэл ууланд очиж олон хүнээс тусдаа аялахыг илүүд үзэж байна. Ирэх жилүүдэд аялагчид “алслагдсан нутаг”-т, цөөн хүний аялал зохиох компанийг сонгож үйлчлүүлэх магадлал өндөр байна.
Tripadvisor White paper-т дурдсанаар хөл хорионы дараа Италичуудын 70.5% нь байгалын аялал жуулчлалыг сонгосон нь өмнөх оныхоос 26.6% -иар өссөн байна.
Outdoor Tourism Observatory-с хийсэн судалгаагаар өнгөрсөн онтой харьцуулахад энэ онд амралт зугаалгын хандалт 77%-р огцом өсч, байгалд гарч жижиг тосгон, зуслан, майханд амралтаа өнгөрөөсөн хүмүүсийн тоо 80%-иар нэмэгджээ.
9. Тогтвортой хөгжлийг дэмжих эко аялал
2021 оноос илүү эко, байгальд ээлтэй аялагчид бий болно гэдэгт салбарын мэргэжилтнүүд итгэлтэй байгаа. Олон улсын аялагчдын 69% нь аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжлийг илүү их дэмжихийг уриалж байгаа бөгөөд аялах үедээ ид ачаалалтай улирлаас зайлсхийх (high-season) замаар жуулчдын урсгалыг өөрчлөх сонирхолтой байна. Мөн тухайн нутгийн иргэдийг дэмжиж худалдан авалт хийх нь ковидын үеийн аялагчдын хувьд гол зүйл бөгөөд, зарим жуулчдын хувьд аль улсын иргэдийг дэмжиж эдийн засагт нь туслахыг хүсэж байгаагаас шалтгаалан аялах газраа сонгох тохиолдол ч цөөнгүй байна.
Booking.com -ийн хийсэн судалгаанаас үзвэл коронавирусаас шалтгаалсан бүх хорио цээр цуцлагдсаны дараа аялагчдын талаас илүү хувь нь (53%) хог хаягдлыг бууруулах,/хог дахин боловсруулахад туслаж чадахуйцаар аялалаа зохион байгуулах хүсэлтэй болсноо илэрхийлжээ.
Аялал жуулчлалын салбарт дээрх трендүүд давамгайлж байгаа тул та ч бас салбарын шинэчлэлийг мэдэрч өөрийн бизнесээ уялдуулаарай!