Экотуризм буюу байгальд ээлтэй аялал гэж ямар төрлийн аялал байх, экотурист гэж юу болох, энэ аяллыг Монголд хийх бололцооны талаар энэ нийтлэлээр товч танилцуулах зорилгыг агуулсан болно.
Байгаль болон аялагч хүний хоорондын хамгийн эерэг харилцаа бүхий аяллыг хэлж байгаа юм. Жишээлбэл, аяллын турш хамгийн бага нүүрсхүчлийн хийг ялгаруулах өөрөөр хэлбэл, түлш, шатахууны хэрэглээ, хог хаягдлаа хамгийн бага байлгах гэх мэт. Ерөнхийдөө байгалийн төрхийг алдагдуулалгүйгээр, байгальд хор учруулахгүй аялах гэсэн ойлголт юм.
Экотурист гэж нь байгаль, ан амьтанд хайртай хүн гэсэн ганц ойлголтоор хязгаарлаж болохгүй ба эргэн тойрны бүх л зүйлийг хүндэлж хайрлаж, хор хөнөөл учруулдаггүй ёс зүй, хүнлэг чанартай аялагч гэж ойлгож болно. Тэдний бас нэг шинж чанар бол тэд маш сониуч хүмүүс байдаг учир тэдний ихэнх нь судлаачид, эрдэмтэд, сэтгүүлч нар байх нь элбэг.
. Байгалд ээлтэй буюу ecotourism, eco-friendly tour зэргээр брэнд болсон энэ аялал нь өөрөө орчин цагийн хамгийн том тренд болж, эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж, мөн Ковид-19 зэрэг амьсгалын замын халдварт өвчлөлийн дараа хүн төрөлхтөнд цэвэр агаар, байгалийн эмчилгээ хамгийн ихээр шаардагдах болсон мөн хүн амын хэт их өсөлт, технологийн хурдацтай хөгжлийн улмаас бохирдсон агаар, дуу чимээ, өдөр шөнөгүй холхих тээврийн хэрэгслүүд зэргээс залхсан хүмүүс цэвэр тунгалаг агаарт амьсгалдаг модон байшинд, усан завь эсвэл морин хөсөг, байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэн бие болоод оюун бодлоо цэгцлэн, тайван амгалан амрахыг илүү таашаадаг болсон.
Бидэнд буй өгөгдөл болох байгаль, мал аж ахуй, нүүдэлчин ахуй, ан амьтан, рашаан ус, эртний хүний олдворууд гээд экотуристуудын анхаарлыг татах зүйлс хангалттай байдаг. Бид байгальд ээлтэй аялагч нар, аяллын агентлагт юу үзүүлж, юугаар татах боломжтой талаар дараах дэд сэдвүүдэд хувааж, товч дурдвал:
Өргөн дэлгэр нутагт тархан суурьшсан нүүдэлчин айл өрх, тайга хөвчид суурьшин амьдрах цаатангуудын энгийн амьдралтай танилцаж, өдөр тутамд өрнөх ажил, ахуйд нь өөрсдөө оролцон амрах сонирхолтой аялагчид, олны танилууд сүүлийн үед ихэссэн. Нэг талаасаа байгальд хэрхэн ойр амьдарч болдог бэ гэдгийг мэдрэх, нөгөө талаасаа сэтгэл болоод биеийн тайтгарлыг авах боломж. Энэ бол байгальд ээлтэйгээс гадна хамгийн хямд өртөгтэй аялал юм.
Юуны өмнө экотуристуудыг зөвхөн төлбөр төлөөд аялаж байгаа жуулчдаархязгаарлаж болохгүй гэж дээр дурдсан. Ургамал болон амьтан судлаач, байгалийн танин мэдэхүйн сувгийн болон сонин сэтгүүлийн баг зэрэг бизнес, энтертаймент аялагчид ч энэ ангилалд орж болдог. Тэд ховордсон ургамал, ан амьтдад хайртай учир хамгийн шилдэг байгальд ээлтэй аялагч байж чаддаг. Улаан номонд орж, тоо толгой нь ховордсон, зөвхөн Монголд л байдаг говийн мазаалай, хавтгай, шилүүс, суусар булга, ойн булга, хүрэн баавгай, цагаан тогоруу, одой галуу, ёл гэх мэтчилэн 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамалтай аялангаа танилцах боломжтой.
Уулын аяллынхан бол нэг талаасаа спорт аялагчид нөгөө талаасаа байгалийн сайхныг биширч, алхам бүртээ судлан танилцаж байдаг хамгийн үнэнч эко жуулчид юм. Монголд тэднийг татах ноён оргилууд Алтай Таван богд, Асралт хайрхан, Отгонтэнгэр хайрхан гээд дурдвал нэлээд байдаг. Мөн манайд мэргэжлийн уулын авиралтын клубүүд ч нэмэгдсэн.
Хамгийн эртний уран барилга, үнэлэшгүй эд хэрэгсэл, уран хийц бүхий интерьер дизайнтай түүхэн үзмэр бол яах аргагүй буддын шашны сүм, дуган, хийд юм. Зөвхөн нийслэлд гэхэд Богд хааны өвлийн ордон, Чойжин ламын сүм музей, Гандантэгчилэн зэрэг өөр өөрийн он цаг, түүхтэй гайхалтай үзмэрүүд бий. Хархорин, Балданбэрээвэн, Амарбаясгалант, Хамрын хийд гээд бараг аймаг бүрд өөрийн түүхтэй том суурин шашны хийдүүд байдаг. Зөвхөн сүм хийдээр аялах аяллыг дангаар нь зохион байгуулахад бусад орны судлаачид, лам, сүсэгтнүүд болон хөрш орнуудын Монгол угсаатнуудаас авхуулаад дотоод, гадаадын олон эко жуулчдыг татах эко аялал гарцаагүй мөн.
Эртний хүн болоод амьтадын олдворууд, хадны зураг, сүм дуганы балгас, хаад нарын тахилын онгон зэрэг дэлхийд алдартай онгон шүтээний цогцолборууд нь түүх судлаач эрдэмтэд археологич, палеонтологич нарын хувьд том судлагдахууны эх өлгий болсоор ирсэн. Заавал мэргэжлийнхэн биш, түүх сонирхдог аялагч нарын сонирхлыг энэ аяллаар татах боломж бий.
“Оргил”, “Шаргалжуут”, “Хужирт”, “Жанчивлан”, “Аварга тосон”, “Цэнхэрийн халуун рашаан”, “Гурван нуурын рашаан” гэх мэтээр Монгол Улсад тогтоогоод байгаа 250 орчим анагаах увдистай нуур, рашаан төст булаг бий. Цэнгэг ус, эмчилгээний рашаан, элс, шавар зэрэг нь үзэсгэлэнт байгальтай хосолсон байдаг. Хангалттай нөөц баялагтай байгалийн эмчилгээний аяллыг улам хөгжүүлэн мэдээлэл, зар сурталчилгаа хийж амрагчид, экотуристуудыг татах бас нэгэн боломж байна.
Цэлмэг хөх тэнгэр бол тэднийг татах соронз юм. Технологи хөгжин, хүн бүр сайн чанарын дуран ашиглаж, хамгийн чамин зураг дарах боломжтой болсон энэ цаг үед од сарыг хамгийн тодоор харах, хөдөлгөөнт 3D,4D дүрс авах сонирхолтой хүмүүс олширсон. Мөн байгалийн содон бүтээлийг харахаар ирэгсдэд хамгийн бага үнээр Говь Гурван Сайхан – Ёлын ам, Хорго уул, Цагаан суварга, Хэцүү хад гэх мэтчилэн газарзүйн ховор тогтоцтой газруудыг үзэхээр ирж болно.
Байгалд ээлтэй аялагч нар амьтанд хайртай байдаг гэж дээр дурдсан. Тиймээс амьтдын уралдаан тэдний сонин содон үзүүлбэр үзэх, сарлаг, тэмээ, монгол уналгын шар үхэр, цаа буга унах, мөн хөсөг тэрэгтэй аялал хийх сонирхолтой байдаг. Монголд тэдэнд зориулсан сэтгэл хөдөлгөсөн хөтөлбөр гаргаад анхаарлыг нь татах нөөц бололцоо болон чадамж нэлээдгүй байдаг.
Жинхэнэ цан хүүрэг цацруулсан, час хийсэн жавартай үзэсгэлэнт өвлийн улиралд мөсөн нууран дээгүүр морин чарга хөлөглөн дах нөмөрч, дэгтий өмсөн, үнэгэн лоовууз толгой дээрээ тавьчихаад аялж яагаад болохгүй билээ? Мөн өвлийн тэмээний уралдаан, бүргэдийн баярыг үзэх аяллыг хөгжүүлбэл, сонирхох хүмүүс багагүй бий.
Дашрамд дурдахад, мөс бол хамгийн цэвэр хүчилтөрөгч ялгаруулагч гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Хамгийн цэвэр агаар, цэвэр ус, ургамал, хөрс, цэлийсэн хөх тэнгэр, байгалийн тансаг үнэрийг мэдрэх боломжтой, унаган өгөгдлөөрөө байгаа ховорхон газар нутаг бол Монголын тал нутаг юм. Энэхүү онцлогоо үзүүлэх, бас бусдыг татах гайхалтай аялал бид байгалийг биширдэг, байгальд хайртай хүмүүст зориулан байгальд ээлтэйгээр зохион байгуулах боломж байна.
Дээрхээс гадна олон зүйлсийг дурдаж болох боловч, яагаад дээрх уулчид, түүхч судлаач гэх мэт мэргэжлийн хүмүүс энд орох болов гэхээр, тэдний үнэт зүйлс бол байгаль өөрөө юм. Тэд үнэт зүйлсээ хайрлаж хүндэтгэн, ёс зүйтэй ханддаг учир хамгийн шилдэг байгальд ээлтэй аялагчид юм. Мөн түүнээс гадна, экотуризм нь тухайн орон нутагт эдийн засгийн өсөлт авчирдаг. Аялагчид тухайн аялаж буй газрынхаа хоол хүнснээс эхлээд байгаль, амьтны гаралтай эко бараа бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын эдлэлийн арилжааг нэмэгдүүлэх зэргээр тухайн орон нутагтаа байнгын хөрөнгө оруулалт оруулж байдаг давуу талтай.