Б.Золбадрал Айхотел ХХК-ийн Гүйцэтгэх захирал
2019 онд Монгол улсын хэмжээнд нийт 36,280 хүн зочид буудал, амралтын газар, жуулчны баазуудад хөдөлмөр эрхэлж байжээ (ҮСХ). 2020 оны Ковид-19 цар тахлын нөлөөнөөс хамаарч аялал жуулчлалын салбар хүчтэй уналт, дотоодын өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы арга хэмжээ нь энэ салбарт хүчтэй нөлөө үзүүлж салбар нийт орлогын 69%-ийг алдаад байна.
Зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчид Зочид буудал, Амралтын газар, Жуулчны баазын бизнес эрхлэгчдийн нэгдэл-ийг байгуулан энэхүү хямралыг даван гарах, цар тахлын нөлөөнөөс үүссэн өөрчлөлтийг хэрэгжүүлэх, эргэн сэргэх бэлтгэл хангах тухай саналаа солилцож байна. Мөн тэд тус салбарт бодитойгоор учраад буй нөхцөл байдлыг тодорхойлох, ажлын байр хадгалж байгаа болон алдаж байгаа бодит тоон үзүүлэлтийг гаргах, шаардлагатай дэмжлэгийг тодорхойлох зорилгоор Зочид буудал, Амралтын газар, Жуулчны баазын бизнесүүдийн нөхцөл байдлын судалгаа -г явуулсан байна.
86 бизнес эрхлэгчид оролцсон судалгааны үр дүнд тоймлон хүргэж байна.
Судалгаанд дурдсанаар өндөржүүлсэн бэлэн байдлын цаг үед зочид буудлууд үйл ажиллагаагаа зогсоосонтой холбогдуулан 42.3% нь ажилтнуудаа цалингүй амраасан байна. Энэ байдал 12 сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилбэл байгууллагууд 34% нь ажлын байр хадгалах боломжгүй болно гэсэн бол дахин нэг сар сунгаж 2021 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа нээгдэхгүй тохиолдолд байгууллагуудын 52% бүх ажилтнаа ажлаас чөлөөлнө гэсэн бол 27% нь ажлын байрыг цөөлнө гэсэн дүн гарчээ.
Зочид буудлууд маань үйл ажиллагаагаа эхлүүлэх холбогдох ариутгал халдваргүйжүүлэлтийн горимыг баримталж ажиллахын зэрэгцээ бусад холбогдох арга хэмжээг авахад бэлэн байгааг мөн судалгаанд дурдсан байна.
Зочид буудлын орчинд Ковид-19 тархах магадлал бага байгаа тухай Техасын эрүүл мэндийн холбооны мэргэжилтнүүдийн гаргасан судалгаанд харуулжээ.
Дээрх судалгаанаас дүгнэхэд зочид буудал болон түүнтэй ижил салбарын үйл ажиллагааг үргэлжлүүлэн зогсоох нь уг салбарт ажиллаж буй 36,280 хүний ажлын байрыг хадгалах, цаашлаад Монгол улсын экспортын 11%-ийг бүрдүүлэгч Аялал жуулчлалын салбарын эргэн сэргэхэд хүндрэл учрах эрсдэлийг бий болгоод байна.