Гэхдээ цөөхөн тооны зочид буудлын менежерүүд зүйлсийн интернет (IoT) гэж юу болох тухай жинхэнэ утгыг мэддэг. IoT-ийн талаарх ойлголтууд нь ирээдүйн технологи болох өөрөө жолооддог автомашин, ухаалаг хотууд, робот гэдэг шиг сонсогддог. Гэхдээ IoT нь аль хэдийн өөрийн байр сууриа олон салбарт, ялангуяа зочид буудлын салбарт аль хэдийн эзлээд байна. Зүйлсийн интернет гэдэг нь юу болох, зочид буудлууд IoT технологийг хэрхэн нэвтрүүлсэн талаар та бүхэндээ сонирхуулъя.
IoT -г Монголчууд “Зүйлсийн интернет”, “Эд зүйлсийн интернет” гэхчилэн хэрэглэдэг. Олон улсад IoT товчилсон нэрээр ихэвчлэн нэрлэдэг. Төхөөрөмж нь интернет, эсвэл бусад төхөөрөмжүүдтэй холбогдох чадвартай байх IoT-ийн үндсэн шинжийг агуулдаг. Орчин үеийн үүлэн тооцоолол (Cloud computing буюу үүлэн технологид суурилсан систем), Wi-Fi, Bluetooth технологийг ашиглаж олон төрлийн тусдаа төхөөрөмжүүд нь өөр хоорондоо холбогдож нэгэн экосистемийг бүрдүүлснээр барилга байгууламж, бизнесүүдийг ухаалаг болгож, тэр ч бүү хэл ухаалаг хот хэмээх ойлголтыг бий болгож байна. Энэ нь хамгийн энгийн тайлбар бөгөөд илүү нарийн судалвал маш сонирхолтой ч тэр хэрээр технологийн мэргэжлийн хүмүүсээс бусад хүмүүст үл ойлгох төвөгтэй том дэд бүтэц болдог.
Гар утаснаас эхлээд кофе чанагч, угаалгын машин, гэрлийн чийдэн, цаг зэрэг бидний өдөр тутмын хэрэглээнд байдаг төхөөрөмжүүдээс эхлээд хүмүүсийн гартаа зүүдэг мэдрэгч төхөөрөмж (wearable device), гудамжинд байх камерууд, замын хөдөлгөөний гэрлэн дохио, хоорондоо холбогдсон автомашинууд, хиймэл оюун ухаанд суурилсан эрүүл мэндийн багаж төхөөрөмжүүд, амьсгалын аппарат зэрэг нь бүгд IoT-ийн нэг хэсэг. IoT програмууд нь эдгээр төхөөрөмж, биетүүдийг интернетэд холбоод зогсохгүй өөр хоорондоо холбож чаддаг. Ингэснээр төхөөрөмжүүд харилцан өгөгдөл солилцож бидний өдөр тутмын амьдралыг илүү энгийн, хялбар болгох боломжийг бий болгодог. “Ирээдүйн нэг чухал хууль бол холбогдох боломжтой бүхий л эд зүйлс хоорондоо холбох болно” хэмээн Форбс сэтгүүлийн мэргэжилтэн IoT-ийн ирээдүйг онцолжээ.
Тэгвэл энэ нь амьдрал дээр хэрхэн ажилладаг вэ? Та бидний хамгийн сайн мэдэх энгийн жишээ бол гартаа зүүдэг мэдрэгч төхөөрөмжүүд юм. Жишээ нь: Ухаалаг цаг нь мессеж хүлээн авах, бидний дасгал хөдөлгөөнийг хянах, хөгжмөө алсаас удирдан тоглуулдаг өдөр тутам хэрэглэдэг төхөөрөмж болжээ. IoT-ийн ирээдүйг тодорхойлох бас нэгэн хувилбар бол ухаалаг гэр юм. Энэ нь танай гэрийн аюулгүй байдлын систем, халуун хүйтнийг тохируулагч, чанга яригч, виртуал туслах зэрэг электрон хэрэгслийг нэг системд холбож нэг төхөөрөмжнөөс дуу хоолойгоо ашиглан удирдана гэсэн үг юм.
McKinsey-ийн хийсэн судалгаанаас үзэхэд IoT технологийг 2014 онд нийт компаниудын 13% ашиглаж байсан бол энэ тоо 2019 онд 25% болтлоо нэмэгджээ. Тэд 2023 онд 2018 оноос гурав дахин нэмэгдэх болно хэмээгээд дэлхий даяар IoT холболттой төхөөрөмжүүдийн тоо 43 тэрбум болж өснө гэж таамаглажээ. IoT нь бараг бүх бизнесийн салбаруудад нөлөөлөх ба тэр дундаа зочид буудал, амралтын газрын зочлохуйн салбарт ч хүчтэй нөлөөг үзүүлэх юм.
Зочид буудлын салбар шинэ технологийг нэвтрүүлэхэд удаан байдаг гэсэн буруу ойлголтыг халан IoT технологи энэ салбарт эрт нэвтэрсэн. PwC компанийн судалгаагаар компаниудын удирдах ажилтнуудын 48% нь тухайн компанид IoT төсөл хэрэгжиж байгаа гэсэн бол зочид буудлын салбарын хувьд судалгаанд хамрагдагсдын 70% энэ чиглэлээр идэвхтэй төсөл явагдаж байгаа гэсэн байна. Зочид буудлын салбарт IoT нэвтэрснээр ххүний оролцоог багасгаж, робот ажилтнууд оруулж, Wi-Fi сүлжээнд холбогдсон олон төхөөрөмжөөр хэрэглэгчийн тав тухыг хангаж бүрэн хувьсгал хийж байгаа салбар юм.
PwC судалгаанд оролцогчдын дийлэнх нь IoT-ийн мэдээлэл, ухаалаг төхөөрөмж ашиглаж зочдын хувийн мэдээлэлд тулгуурлан тэдний хэрэгцээг урьдчилан тооцоолох, сэтгэл ханамжийг бүрдүүлэх зорилгоор ашиглаж байгаа юм. Жишээлбэл, өрөөний дулаан мэдрэгчүүд өрөө хоосон болсон, цэвэрлэх шаардлагатайг үйлчлэгчид хэлж өгч, GPS-тэй хяналтын төхөөрөмж бүхий ачаа тээш нь зочинд тухайн цаг үед ачаа тээш хаана байгааг харуулах боломжтой болжээ. Зочин өөрийн гар утсыг түлхүүрний оронд ашиглах болсон нь зочин угтан авах процессийг улам бүр хялбаршуулсан шийдэл болсон. Зочид IoT технологийг ашиглах бүрт танай зочид буудал зочны мэдээлэл (мэдээж зөвшөөрөлтэйгээр) цуглуулах боломжийг олгодог. Ингэснээр тухайн зочны хэрэгцээнд нийцсэн, чанартай үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Мөн зочид буудлууд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхээс гадна үйл ажиллагаагаа сайжруулахын зорилгоор ч IoT ашиглаж байна. Өрөөний мэдрэгч төхөөрөмж нь зочин байгаа эсэхийг мэдэрч, байхгүй үед гэрлийг унтрааж, дулаан тохируулагчийг хамгийн бага зардалтай горимд шилжүүлж, хэрэглээгүй урсаж байгаа үед усыг хааж байгаа нь зочид буудлын урсгал зардлыг хэмнэхэд тусалдаг. Үүгээр зогсохгүй зочид буудлын тоног төхөөрөмжүүдэд эвдрэл гэмтэл гарахаас өмнө засвар үйлчилгээ хийх шаардлагатай байгаа тухай урьдчилан тодорхойлж сануулдаг байна.
Ингэснээр зочид буудлын эзэд, менежерүүд зочдын гомдол, төлөвлөгөөгүй гэнэтийн засвар үйлчилгээ зэрэг асуудлуудаа багасгаж чадах юм. Зочид буудлын удирдах ажилтнуудын 47% нь үйл ажиллагааны зардлыг бууруулахын зорилгоор IoT ашиглаж байгааг дурьдах нь зүйтэй.
Мөн IoT төхөөрөмжүүд хоорондоо “ярих” чадвартай байдаг тул танай ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэхэд цаг хугацаа шаардсан зарим гар ажлыг ямар ч алдаа эрсдэлгүй, хугацааны хоцролдолгүй хийж автоматжуулж чаддаг. Бидний эргэн тойронд ч олон жишээ, олон шийдлүүд байна. Түүнчлэн зочлохуйн салбарынхан IoT-г зочдоо гайхшруулж, баярлуулахад ашигладаг болжээ. Сүүлийн жилүүдэд зочид буудлуудын нэвтрүүлсэн IoT технологийг танилцуулж байна.
Ухаалаг толь нь фитнесс клуб үйлчлүүлэгчдийн дунд шуугиан тарьсан ч зочид буудлын зочиддоо санал болгох нэгэн шинэ зүйл болоод байна. Remi Smart Mirror, Savvy Smart Mirror гэх мэт ухаалаг тольнууд нь зочны өөрийн төхөөрөмжүүдтэй холбогдож, зочиддоо хэрэгцээтэй бүх мэдээллүүдийг өгч, тусгайлсан үйлчилгээ авахад нь тусалдаг болжээ.
Savvy Smart Mirror нь Marriott Autograph Collection-ийн шинээр нээгдсэн Sinclair зочид буудалд салбарт чиг хандлагыг тодорхойлжээ. Энэхүү бүтээгдэхүүнийг зочдын өрөөний толинд байрлуулсан бөгөөд зочин таблет маягаар HBO, Disney, ESPN зэрэг сувгуудыг үзэх, зочид буудлын үйлчилгээ, ойролцоох үзмэрүүд, орон нутгийн цаг агаарын мэдээллийг үзэх боломжтой болжээ. Зочид толин тусгалыг ашиглан хөгжим, гэрэл, видео зэргийг тохируулах, тэр байтугай зангиагаа ч зааврын дагуу зангидах, засах боломжтойгоороо онцлог байна. Хамгийн хачирхалтай нь энэхүү толь нь тухайн өрөөнд хэрэглэгдэж буй уламжлалт эрчим хүчний хэрэглээг 30-40% бууруулдаг.
Үүнтэй адилаар Mirror Image ба INTELITY-ийн бүтээсэн remi Smart Mirror нь зочид буудлын удирдлагын системтэй холбогдсон байдаг. Ингэснээр зочид буудлын болон захиалгын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үзэх, нэмэлт үйлчилгээнүүдийг хялбар авах, хямдрал урамшууллыг мэдээлэл авах боломжууд хэрэглэгчид бий болдог бол зочид буудлын хувьд харилцагчийн үйлчилгээний болон нэмэлт үйлчилгээний бүртгэл хөтлөлт хийхэд хүн оролцох шаардлагагүй болж байгаа юм.
Сүүлийн үед ихээр хэрэглэгдэх болсон харилцах ярилцах, өрөөгөө удирдах боломжтой ухаалаг спикерүүд нь зочид буудлын өрөөнүүдэд нэвтэрч эхэлсэн. Volara одоо зочид буудалд зориулан боловсруулсан ухаалаг спикер нь уламжлалт хэрэгцээг хангаад зогсохгүй зочдыг аялал, амралттай холбоотой шинэ утасны аппликейшн татахыг санал болгож байна. Энэхүү програмыг хүмүүсийн хэрэгцээнд эрчимтэй нэвтрээд байгаа Amazon Echo, Google Nest Hub гэх мэт төхөөрөмжүүд дээр байрлуулсан бөгөөд зочид буудалд зориулагдсанаараа илүү онцлог байдаг. Мөн “Ухаалаг спикер Alexa-г зочид буудлын процесстой хослуулснаар зочинд мэдээлэл өгөх үйлчилгээ, өрөөний үйлчилгээ зэрэг өмнө нь утсаар харилцдаг байсан ажлуудыг хөнгөвчилж, дийлэнх асуултуудад хариулт өгөх боломжтой болоод байгаа юм” хэмээн VentureBeat мэдээлэв.
Төгсгөлд нь, Samsung нь зочид буудлын удирдлагын системтэй холбогдсон зочид буудлын ажилтнуудад зориулсан IoT шийдлийг санал болгов. Буудлын ажилтнуудын ухаалаг цаг нь ажилтнуудын харилцаа холбоог сайжруулах, зочдын хүсэлтэд шуурхай хариу өгөх чадварыг түргэсгэх, үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээний үнэлгээг нэмэгдүүлэх зорилготой юм. Зочид буудлын ажилтнууд интернетэд холбогдсон ухаалаг цагны тусламжтайгаар цэвэрлэгээ, өрөөний үйлчилгээ гэх мэт үндсэн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шууд солилцох юм. Шинэ мэдээлэл, хүсэлт ирэхэд хүсэлтийг холбогдох хэлтсийн ажилтнуудад хүргүүлдэг. Эсвэл ажилтан өөрийн гүйцэтгэсэн ажлаа цагаараа дамжуулан баталгаажуулах нь хэн нэгэн үүнийг гүйцэтгэсэн гэж багийн бусад хүмүүст мэдэгдэж болно.
Эдгээр ухаалаг цагийг тансаг зочид буудлын Viceroy Hotel Group компани туршиж үзэж байгаа ба зочлохуйн салбарт IoT-ийн шинэ ноён оргил ийнхүү бий болж байна. Бидний харж байгаагаар ойрын таван жилд IoT огцом өсөх төлөвтэй байгаа тул бараг бүх төхөөрөмжүүд холбогдож, танай зочид буудал зочиддоо үр дүнтэй үйлчлэхэд туслах болно гэж найдаж байна.