Бид дижитал өөрчлөлтийн эринд амьдарч, ажиллаж байгаа бөгөөд шинэ технологийн давуу тал нь бидэнд бизнесийнхээ өрсөлдөх чадварыг сайжруулах, байгууллагын ашиг орлгогыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдал, урт хугацааны давуу талыг хадгалах зэрэг хязгааргүй боломжуудыг бий болгосоор байна. Өөрөөр хэлбэл технологи гэдэг зүйл тоглоомын дүрмийг тэр чигт нь өөрчлөх болсон.
Аялалынхаа үеэр байрлах газраа хайж олох, энэ нь хоёр долоо хоног үргэлжлэх чөлөөт аялал ч бай ганцхан шөнө байрлах бизнес аялал аль нь байхаас үл хамааран дижитал технологийн тусламжтайгаар аялагчид өөрт тохирох газраа олдог. Тиймээс аялагчдын түгээмэл ашигладаг платформууд болон онлайн орчинд танай буудлын мэдээлэл байршиж байгаа юу? Аялагч танайхыг хаанаас олох вэ? Яаж олох вэ? Мөн хэрэглэгч танай буудлыг сонгохуйц хангалттай мэдээлэл байршсан эсэх, Захиалгыг ямар сувгуудаар яаж хүлээж авдаг вэ? Эдгээр асуултуудыг та өөрөөсөө асуугаарай.
Дижитал шилжилт гэж юу вэ? Үүнийг маш энгийнээр тодорхойлбол технологийн тусламжтайгаар цаасгүй хэрэглээг бий болгоно гэж ойлгож болно.
Гэхдээ энэ нь дан ганц шинэ технологийг нэвтрүүлсэнээр шийдэгдэх зүйл огт биш бөгөөд байгууллагыг бүрдүүлэгч хүмүүс, процесс, стратеги, бүтэц тогтолцоо зэрэг үнэ цэнийн хэлхээнүүдийн өөрчлөлтүүдтэй дижитал технологийг хамтатгах замаар хийх байгууллагын урт хугацааны аялал байдаг.
ТЕХНОЛОГИ БУС “ТЕХНОЛОГИЙГ ЭЗЭМШСЭН ХҮН” ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ХИЙНЭ.
Дэлхий даяар компаниуд дижитал шилжилт хийж байгаа боловч одоогийн байдлаар 14 хувь нь л амжилттай хэрэгжээд байгаа дүн бий. Харин амжилттай хэрэгжүүлсэн компаниуд ижил талбарт үйл ажиллагаа явуулж буй бусад компаниас ашгийн үзүүлэлтээрээ 9 хувь илүү байгаа. Компаниудын тун цөөн хувь нь дижитал шилжилтийг амжилттай хийж байгаагийн шалтгаан нь байгууллагын соёл, байгууллагын сэтгэлгээ юм. “манайх ингэж л хийдэг, хийж болоод л байна” гэх хандлага өнөөдөр хоцрогдсон. Хэчнээн тууштай байлаа ч гэсэн хуучны арга барилаараа амжилтад хүрэх баталгаа өнөөдөр үгүй болоод байна. Иймээс байгууллагууд шаламгай, уян хатан ажиллах арга барилыг компанидаа нэвтрүүлэх нь зүйтэй.
Хэдийгээр дижитал шилжилт нь технологийн дэвшлийг ашиглан боломжийг нэмэгдүүлэхийг хэлж байгаа ч цаад утгаараа, хамгийн гол нь хэрэглэгч төвтэй байх буюу хэрэглэгчээ мэдэрсэн, сэтгэлд нь хоногшсон үйлчилгээг (customer experience) үзүүлэх зорилго, сэтгэлгээтэй байх явдал. Өөрөөр хэлбэл хэрэглэгчээ мэдрэхгүй, хэрэглэгч төвтэй биш байх нь бизнесийн гол аюул занал юм.
Өнөөдөр технологийн хурдыг уламжлалт бизнесийн арга барилаар гүйцэх боломжгүй. Харин энэхүү орон зайн дээр технологийн боломжийг онцгой санаануудтай хослуулсан стартап компаниуд хүч түрэн орж ирсээр байгааг бид мэднэ. Жишээлбэл: Өөрсдийн гэсэн нэг ч машингүй “Uber”, нэг ч зочид буудалгүй “Airbnb”, нэг ч кинотеатргүй “Netflix” зэрэг компаниуд цоо шинэ бизнесийн загварыг гаргаж ирснээрээ дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтад багтаад байгаа билээ.
Гэхдээ дижитал шилжилтийн гол зорилго нь технологи хүчийг нэмэгдүүлэх гэхээсээ илүү хэрэглэгч, үйлчлүүлэгч төвтэй бодлогыг баримтлах явдал юм. Uber, Airbnb, Netflix гэдэг компаниуд урьд байгаагүй технологийг ашигласан гэхээсээ илүү хэрэглэгчдэд хамгийн таатай, тавтай байх үйлчилгээг технологийн туслалцаатай хүргэсэнд амжилтын гол нууц нь байгаа юм.
Өнөө үед зочид буудлуудад зориулсан шинэ технологиуд нь бизнесийн үйл явцыг оновчтой болгох, сайжруулах, өндөр чанартай хэрэглэгчийн сэтгэлд хоногшсон (customer experience) үйлчилгээг бий болгохтой шууд холбоотой. Энэ нь дижитал хэрэглэгчдийн хүсч буй зүйл болон танай бизнесийн хийж чадах зүйлсийн хоорондын ялгааг арилгах явдал юм.
Технологийн өндөр мэдлэгтэй энэ үеийн аялагчид үргэлж сайжруулсан шийдэл, өвөрмөц туршлагыг шаардсаар байгаа нь салбарын бизнесс эрхлэгчид тэдний хүлээлтээс давж, үйлчлүүлэгчдийн аялалыг дижитал хэлбэрт оруулах нь “сонголтгүй сонголт” юм.
Гэнэтийн COVID-19 цар тахлын дэгдэлт нь аялал жуулчлалын салбарыг “түр зогсоох товчлуур”-ыг дарахаас өөр аргагүй нөхцөл байдлыг үүсгэсэнээс бусдаар дижитал шилжилт нь энэ салбарыг шинэчилж, зарим тоглогчдыг ардаа орхиж үйлчлүүлэгчдийн зан байдал шинэ, шинэлэг туршлагууд руу гайхалтай хурдтайгаар шилжсээр байна.
Харин энэ шилжилтийн хамгийн эхний алхам бол Захиалгын Удирдлагын Систем (RMS) – ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээс эхлэх ба RMS – ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнээр олон улсын болон дотоодын Онлайн Захиалгын Систем (OTA) – үүдтэй холбогдох бүрэн боломжтой. Ялангуяа жижиг дунд буудлуудын хувьд RMS – ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхгүйгээр, онлайн захиалгын системүүд дээр байршихгүйгээр технологийн өндөр мэдлэгтэй энэ үеийн аялагчдын хүлээлтэд нийцэх үйлчилгээг үзүүлэх цаашлаад энэ талбарт тоглогч хэвээр үлдэх нь маш эргэлзээтэй болохыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.
Зочлох үйлчилгээний салбар дахь дижитал шилжилт нь олон улсад чиг хандлага байхаа больсон бөгөөд энэ нь боломжтой, уян хатан, хүлээн зөвшөөрөгдсөн брэндийг бий болгох, дэмжих, өсгөх чухал бүрэлдэхүүн хэсэг болжээ.
Онлайн захиалгын системийн гол давуу талуудын нэг нь хэрэглэгчдэд захиалгаа өөрт нь хамгийн тохиромжтой цаг хугацаанд хийх боломжийг олгодогт оршино. Онлайн захиалгын системийг ашиглан тэд өдөр, шөнийн аль ч цагт захиалгаа ажлын цагт баригдалгүй хийх. Үйлчлүүлэгчид оройн цагаар гэр бүлээрээ аялалаа төлөвлөнгөө захиалгаа хийхийг илүүд үздэг тул бизнес эрхлэгчдэд үргэлж нээлттэй байдаг онлайн захиалгын системийг үйлчлүүлэгчиддээ санал болгосноор та захиалгынхаа тоог мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжтой.
Онлайн захиалгын систем нь бизнес эрхлэгчдэд дотоод үйл ажиллагаанд зарцуулдаг цаг хугацаа болон санхүүгийн зардлыг хэмнэх боломжийг олгодог.
Технологийн тусламжтайгаар хэд хэдэн процессыг автоматжуулж болно:
Эдгээр процессуудыг автоматжуулах нь дотоод үйл ажиллагаанд зарцуулах цагийг багасгаж, үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээнд илүү их цаг зарцуулах боломжийг танд олгоно.
Онлайн захиалгын програм хангамжийг ашиглах нь нөөцөө илүү үр дүнтэй төлөвлөхөд тусална. Жишээлбэл, хэрэв та ресторан ажиллуулдаг бол онлайн захиалгын програм нь хэдэн захиалга, хэдэн хүн үйлчлүүлэх шаардлагатайг харах бүрэн боломжтой болно. Энэ нь зааланд хэдэн хүн, гал тогоонд хэдэн хүн хэрэгтэйг тооцоолох боломжтой тул ажилчдын цагийн хуваарийг хамаагүй хялбар болгох болно. Нөөцийг илүү сайн төлөвлөх нь боловсон хүчний хомсдолоор цаг хугацаа алдахаас сэргийлж, үйлчлүүлэгчдээ 100% сэтгэл хангалуун байлгах боломжийг олгоно.
Онлайн захиалгын систем (OTA)-д байрших нь захиалгын тоог мэдэгдэхүйц нэмэгдүүлэх ба таны төсөөлсөнөөс ч илүү их ашиг олох боломжтой хамгийн оновчтой суваг юм. Онлайн захиалгын системийн хамгийн сайн зүйл бол мэдээж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах, нэмэлт үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэд сурталчлахаас гадна цахим нэр хүндийг сайн түвшинд байлгасанаар өрсөлдөөний нэг том зэвсэг ч болох боломжтой.
Өнөөдөр үйлчлүүлэгчид гүйлгээ хийхдээ илүү өргөн сонголтыг хайж байна. Booking.com-ийн судалгаагаар үйлчлүүлэгчдийн 20% нь төлбөрийн хэлбэрээ сонгох боломжгүй бол захиалгаа өгөхгүй байгааг онцолсон байна. Тиймээс OTA-үүд нь хэрэглэгчдэд хамгийн боломжит түгээмэл төлбөр тооцооны шийдлүүдийг санал болгож чаддагаараа онцлогтой.
Эцэст нь хэлэхэд дижитал шилжилт бол ердөө л өөрчлөлтийн тухай ойлголт юм. Зарим судалгаанаас харахад одоог хүртэл дижитал шилжилтийн бизнес дэх нөлөөллийг дутуу үнэлсээр байгаа компани, байгууллагууд байсаар байна. Дижитал шилжилт гэдэг нь бизнесийн тогтвортой байдал, урт хугацааны давуу байдлыг хадгалах стратегийн нэг хэлбэр бөгөөд дээр дурдагдсан үнэ цэнийн хэлхээснүүдийн чухам аль хэсэгт ямар арга ашиглан хийх талаарх ойлголт юм. Энэхүү дижитал шилжилттэй холбоотой бизнесийн ертөнцөд олон шинэ ойлголтууд бий болж байгаа бөгөөд тухайлбал шинэ бизнес загвар, шинэ мэргэжлүүд, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүд, шинэ бизнесийн салбарууд үүссээр байна. Харин зочид буудлууд нь дижитал технологийн давуу талыг ашиглаж, зочдын туршлагыг сайжруулах өдөр тутмын гар ажиллагааны процессыг боловсронгуй болгоход ашиглаж болно. Зочлох үйлчилгээний салбарын дижитал өөрчлөлт нь дижитал хэрэглэгчийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахын зэрэгцээ чанарын туршлагаа хадгалан үлдэх хэмжээний зочид буудлуудын хувьд зайлшгүй боловч өндөр үр өгөөжтэй зам юм.
Өрсөлдөөний орчин ширүүсэн технологийн нөлөө улам их болж буй энэ цаг үед та өрсөлдөөнд тэсэж үлдэх, улмаар салбарынхаа манлайлагч нь байя гэж л байгаа бол Дижитал шилжилтийг байгууллагадаа хийхээс өөр аргагүй цаг үе иржээ.