Дэлхийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй, аялагчид, жуулчдын дамжин өнгөрдөг газруудын нэг болох Сингапурын Чанги нисэх онгоцны буудал (Changi Airport) урьд хожид байгаагүйгээрээ нам гүм байна. Учир нь 2020 онд дэлхийн агаарын тээврийн зорчигчдын тоо 90 орчим хувиар огцом буурснаас шалтгаалж ийм байдалтай олон сарыг үджээ.
Энэ жил дэлхийн аялал жуулчлалын салбар 9 их наяд ам.доллартай тэнцүү хэмжээний хохирол амссан жил байлаа. Гэхдээ Ази Номхон далайн орнуудад дотоодын нислэг нэмэгдэж, вакцины талаарх таатай мэдээ чих баясгаж, зарим улсын Засгийн газар хилээ нээж, гадаадын жуулчдаа аюулгүй хүлээж авах арга замыг судалж эхлэсэн нь энэ салбарынхны итгэл найдварыг сэрээж байна. Яг одоо бүс нутгийн хэмжээний аяллууд нэмэгдэж, хоёр хүн тутмын нэг нь маш их аялах хүсэлтэй байгаа ба хүмүүсийн аялах сонирхол нь COVID-ийн өмнөх үетэй харьцуулахад 50 хувьтай тэнцэхүйц байна.
Ази Номхон далайн бүс нутаг аялал жуулчлалаа нээх эхний шатуудаа төлөвлөж, хэдийгээр засгийн газрууд болгоомжтой хандаж байгаа хэдий ч салбараа хөл дээр нь босгохын тулд дараагийн алхамтуудаа тооцоолж чадах бүхнээ хийж байгаа бийлээ. Тиймээс Google компани бүс нутгийн, цаашлаад дэлхийн бусад улс орнуудын аялал жуулчлалын эрэлтийг ойлгож, илүү сайн мэдээлэлд тулгуурлан зөв шийдвэр гаргахад тус болох зорилгоор travelinsights.withgoogle.com вэбсайтыг танилцуулж байна. Уг вебсайт чухал хэрэгцээтэй гурван бүлгийг дотроо багтаасан болно.
Destination Insights – Аялах газрын зураглал
Жуулчид дотооддоо болон дэлхийн бусад орнуудруу хаашаа аялахыг зорин хайлт хийж байгаа талаар аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, тур операторууд, засгийн газар ч тэр бүгд мэдэхийг хүсдэг. Destination Insights хэсэг бидэнд жуулчдын аялах газрынхаа мэдээллийг авч буй эх сурвалж, хамгийн их сонирхож буй чиглэл зэрэг мэдээллийн талаар бүрэн зураглал гаргаж өгөөд зогсохгүй аяллын маршрутын төлөвлөгөөг гаргах, танд ирээдүйн жуулчидтай аль систем, вебсайт, эсвэл цэгт харилцахаа сонгоход туслах болно.
Hotel Insights- Зочид буудлын зураглал
Хүмүүс Google-ээс зочид буудлуудын талаар хайлт хийдэг хэвээр байгаа нь бидэнд зочид буудлын захиалгын эрэлтийн талаар мэдэх боломжийг олгодог.
Энэхүү вэбсайт жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулж тэдний зочид буудал, амралтын газрын эрэлт хаанаас үүсч болохыг маш хялбар ойлгомжтой байдлаар харуулна. Hotel Insights нь зочид буудлууд, ялангуяа жижиг, бие даасан зочид буудлуудад оновчтой маркетинг хийхэд нь туслах зорилготой юм.
Travel Analytics Center бол Google-ийн албан ёсны хэрэглэгчид (commercial partner) зориулагдсан хэсэг. Энд байгууллагууд өөрийн Google датагаа нийт Googleс-с гаргаж буй албан ёсны эрэлт, хэрэгцээний талаарх мэдээлэлтэй нэгтгэн, харьцуулж харах боломжийг олгож, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулагчид нь үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулж, зочдоо татах боломжийг олж харах бүрэн зураглалыг гаргаж өгөх юм.
Аялал жуулчлалын чиглэлийн байгууллагуудаас ирж буй сэтгэгдэл, хүсэлтүүдэд цар тахлаас улбаатай хорио цээр хэзээ багасч, хүмүүс аялалд захиалга өгч эхлэх тухай мэдээллийг шуурхай хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Индонезийн Аялал жуулчлалын сайд, ноён Вишнутама Кусубандио “Аялал жуулчлалыг сэргээх асуудалд дижитал технологи шийдэл болж чадна гэдэгт би итгэж байна” гэж хэлсэн бол Сингапурын Үндэсний хөгжлийн сайд Десмонд Ли хэлэхдээ, “Google компанийн гаргаж буй бүтээгдэхүүний үнэ цэнэ нь хүмүүсийн аяллын хүсэл сонирхол, сэдлийг сэргээнэ. Бид хамтран ажиллаж чадвал дэлхийн өнцөг булан бүрт дахин учрах болно” гэв.
Дээр дурдсан гурван чухал ойлголтоос гадна энэ вэбсайтад ур чадвараа дээшлүүлэхэд туслах Grow with Google, Digital Garage, Google for Small Business зэрэг бусад хэрэгцээтэй зүйлс нэмэгдэх бөгөөд эх сурвалж нь НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллага байх юм. Ийнхүү вэбсайт байнга өргөжин хөгжиж, хэрэглэгчид нэг дор олон хэрэгцээтэй мэдээллээ олж авахад туслахаар зорин хөгжүүлэлт хийгдсээр байна.
Цар тахлын анхны “цохилт” эхэлснээс хойш Google бизнес эрхлэхэд нь туслах, мэдээлэл солилцоход нь анхаарч ирсэн бөгөөд ингэснээр хүмүүс аялахдаа аюулгүй байдлыг мэдрэх болно. Сар ч хүрэхгүй хугацааны дараа 2021 он гарч, дотоодын аялал нэмэгдэж, олон улсын аялал жуулчлал дахин сэргэхийн хэрээр Google компани аялал жуулчлалын салбартай улам бүр нягт хамтран ажиллана гэж найдаж байна. Энэ сэргэлт хэр хурдан бөгөөд удаан явагдаж байгаагаас үл хамааран Google дэлхийн аялал жуулчлал, үүнээс хамааралтай олон хүмүүс, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилт тавин ажиллаж байна.
Эх сурвалж: https://blog.google/around-the-globe/google-asia/tools-for-travel-recovery/