Ковид-19 цар тахал аялал жуулчлалын салбарт маш өргөн хүрээнд үр дагавар үзүүлж байна. Дэлхий нийтээрээ цар тахлын вакцин гарахыг хоног тоолон хүлээх зуур ихэнх бизнес эрхлэгчид, ялангуяа зочлох үйлчилгээний салбарынхан ирээдүйгээ төлөвлөж эхэллээ. Цар тахлын улмаас хэрэглэгчийн хандлага хэрхэн өөрчлөгдөх бол?
Ковидын дараа хүмүүс зочид буудалд байрлахдаа одоогийнхоос өөр хэрэгцээ, хүлээлттэй байна гэдгийг мартаж болохгүй. Зочид буудал, амралтын газрын менежерүүд Ковидын аяллын хязгаарлалтыг цуцалсны дараа ирэх анхны аялагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ, тохь тух, цэвэр орчныг үзүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Үүний тулд та зөв арга хэрэгсэл, технологийн шийдэлд хөрөнгө оруулж байж өрсөлдөөнийхөө давуу талыг гаргаж ирнэ. Цар тахлын үеэр аялагчдын хүлээлт хэрхэн өөрчлөгдсөн, цаашдаа илүү олон захиалга авахын тулд танай зочид буудал, амралтын газар юу хийх ёстойг та үргэлжлүүлэн нийтлэлээс уншаарай.
Аялагчдын хувьд цар тахлын үед энэ салбарын бүхий л бизнесийг, нэн ялангуяа зочид буудлуудыг анхааралтай ажиглаж байна. Тиймээс зочдыг аюулгүй байлгах талаар мэдрэмжгүй хандсан, эсвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээг нухацтай авч үздэггүй газрууд Ковидын дараа “хүртэх ёстойгоо хүртэх” нь дамжиггүй.
Энэ нь зочид буудлуудад юуг хэлээд байна вэ? Цар тахлын дараа очих зочин одоо цагийн бодит мэдээллийг авах, өрөөний боломж, цэвэрлэгээ ариутгалын дүрэм журам, ажиллах цагийн хязгаарлалтын талаар олж мэдэхийг хүсч байна.
Цар тахлын өмнө зочид буудлын тухай амрагчид биед мэдрэгдсэн туршлага (жишээ нь, ор нь хэр тохь тухтай байсан) үйлчилгээний туршлага (жишээ нь, бүртгэл хийлгээд өрөөндөө ороход хэр хялбар байсан)-д тулгуурлаж үнэлдэг байв. Харин одоо зочид буудалд амрагчдаа сэтгэгдэл үлдээх гуравдахь хөшүүрэг бий боллоо. Энэ бол дижитал туршлага. Эдгээр гурван хөшүүрэг нь тахлын дараах аялагчийн хэрэгцээг хангахад чухал ач холбогдолтой боловч зочид буудлууд дижитал шилжилтэнд хараахан бэлэн биш байна. Дижитал туршлага гэдэг нь технологи, онлайн платформоор дамжуулж зочдыг байрлахын өмнө, байрлахад, мөн байрлаад явсны дараа ч тэдний хэрэгцээг хангах шийдэл юм.
Дижитал шийдлийг зочид буудлынхаа тохь тух, үйлчилгээний чанартай уялдуулж өгвөл орлогоо нэмэгдүүлэх гол түлхүүр болж чадна. Ерөнхий менежерийн хувьд ирээдүйн зочдоо татах явдал олон улсад баримталж буй эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээс эхлэх ба сошиал медиа, имэйлийг ашиглан зочид буудалдаа хэрэгжүүлж буй арга хэмжээг аль болох ил тод мэдээлж, зочдын итгэлийг олж авах боломжтой.
Дижитал хэрэгсэл нь зарим зардлыг багасгахад тустай. Зочид захиалга өгч, өрөөндөө орохдоо заавал гараараа хүрэлцэхгүй цахим платформ ашиглан бүртгүүлэхийг илүүд үзнэ. Буфет маягийн хоолны сонголтыг зогсоож, цэсэндээ эрүүл хоол хүнс нэмээрэй. Дархлаа дэмжих зууш, өглөөний цайг өрөөний үйлчилгээгээр үзүүлж болох юм. Энэ мэтчилэн арга хэмжээг авбал зочдын сэтгэл ханамжид ч, зочид буудлын орлогод ч аль алинд эерэгээр нөлөөлж чадна.
Борлуулалт, маркетингийн багийхан харин зочдын санал хүсэлтэд тулгуурлан зочид буудал, амралтын газрынхаа нэр хүндийг өсгөхөд илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Зочдын эерэг сэтгэгдлийг бусад хүмүүст зөвхөн харуулаад зогсохгүй итгэл үнэмшлийг бий болгоорой. Сошиал медиа профайл дээрээ, OTA жагсаалт, вэбсайтдаа аюулгүй байдлын мэдээллээ байнга шинэчилж байгаарай.
Эцэст нь RateGain-ийн судалгаанаас харвал COVID-19 дараах зах зээл хэрхэн өөрчлөгдөх тоо таамаглалыг харуулъя.
Зочид буудлын өрөөний үнэ тав дахин өөрчлөгдөнө
Хэрэглэгчдийн 60% нь гар утсаар дамжуулан захиалга хийх, мэдээлэл авахыг эрмэлзэнэ.
Технологийг ашиглан үйл ажиллагааны 45% -ийг автоматжуулах боломжтой.
Тэрхүү технологи нь зардлыг 50% хэмнэнэ.
Захиалгын 26% нь уламжлалт ажлын цагаас гадна хийгдэнэ.
Дээрх тоонуудаас юуг харж болох вэ? Дижитал шийдэл нь зөвхөн зочдод зориулагдаагүй. Орлого, санхүү хариуцсан менежерүүдэд өрөөний үнийн стратегийг сайжруулж, өрөөний борлуулалтын сувгийг оновчтой болгох, борлуулалтанд хяналт хийхэд дижитал шийдлүүд хамгийн найдвартай туслах болно.
Дижитал шийдлүүдийг нэвтрүүлж чадвал цар тахлын дараа ирэх аялагч амрагчдынхаа итгэлийг хүлээж, бизнесийн орлогоо ч нэмэгдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: hoteltechreport.com