Зочдын зан чанарын онцлог (persona) гэж юу вэ? Энэ нь таны буудал, амралтын газраар үйлчлүүлдэг зочдод нийтлэг байдаг, тэднийг төлөөлж чадахуйц зан чанар юм. Аялагчид, зочдын зан чанарыг тодорхойлсноор ямар төрлийн үйлчлүүлэгчид таны буудлыг сонгож байгааг харуулах бөгөөд цаашид оновчтой маркетинг хийж, тохирсон нэмэлт үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхэд тусална. Харин зочныхоо онцлогийн талаар мэдэхгүй бол илүү олон захиалга авах гэсэн таны хүчин чармайлт талаар өнгөрөх магадлалтай.
Бүх л зочид буудал, амралтын газар, ресорт зэрэг зочин хүлээж авах газруудын хувьд гол зорилго нь аль болох олон зочдыг татах явдал юм. Үүний тулд та үүдээр чинь дамжин өнгөрч болох аялагчдын төрлийг мэдэх ёстой.
Зочдоо судалж эхэлснээр хэнд чиглэсэн ямар үйлчилгээ үзүүлэх, юугаараа онцлог байх зэрэг тань илүү тодорхой болж ирнэ. Ингэснээр тохирсон үнийг тогтоох, ажиллах менежментээ тодорхойлох, үйлчлүүлэгчдэд зориулсан онцгой нэмэлт үйлчилгээнүүдийг санал болгох зэрэгт ихээхэн тустай.
Таныг зочдоо танихад тусалж нийтлэг байдаг зочдын төрлүүдийг танилцуулъя.
Тэд хэн бэ: Эко аялагчид сүүлийн үед нэлээд олширч байна. Байгал орчноо хайрладаг аялагчид аяллынхаа туршид аль болох минимал байж, очсон зорчсон газраа ул мөр, хор уршиг бага үлдээхийг эрмэлздэг. Зарим нь бүр нүүрстөрөгч ялгаруулдаг онгоцны аяллыг “байж боломгүй” гэж үзээд галт тэргээр аялахыг илүүд үздэг болсон гэнэ шүү.
Хүсэл сонирхол: Нутгийн иргэдээс худалдан авалт хийх, байгалд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг байнга хичээдэг. Мөн хэт нүсэр биш, байгал орчинд ээлтэй байр, энгийн тохилог орчинд анхаарлаа хандуулдаг. Тэдний хамгийн чухал үнэт зүйл бол байгал орчны тогтвортой байдлын төлөөө хувь нэмрээ оруулах юм.
Байрлах газар: Эко аялагчид байгал орчинд ээлтэй бодлого явуулдаг газруудыг сонгож байрладаг.
Тусламж: Аль болох ил тод байж, вэбсайт болон бусад онлайн сувгаар мэдээллээ өг. Ингэснээр тэд өөрсдөө харьцуулалт хийж, сонголтоо хийхийг хүсдэг.
Тэд хэн бэ?: Аялал жуулчлалын дараагийн цоо шинэ үе бол Z үеийхэн буюу 1997 оноос хойш төрсөн залуус боллоо. Энэхүү өсөн нэмэгдэж буй бүлгийг шинэхэн оюутнууд, адал явдал хайж яваа залуус, их сургуулийн шинэ төгсөгчид бүрдүүлнэ. Тэд зочид буудал, амралтын газруудад ихээхэн чухал хэрэглэгчийн сегмент болсоор байна. Z үеийнхэн аяллын төсвөө сайтар хянадаг ч хурдан wi-fi, ашигтай байршил, тохижилт сайтай өрөө зэргээс мөнгөө харамладаггүй.
Хүсэл сонирхол: Z үеийхэн гэртээ байгаа мэт тохилог орчинтой, сэтгэл татам орчин үеийн тохижилттой газрыг түлхүү сонгодог. Тэд аяллын сонин сайхан, туршлагаа олон нийтийн сүлжээндээ (Fb, Instagram г.м) хуваалцах дуртай бөгөөд мөн бусад хүмүүсийн постлосон мэдээллээс үндэслэж шийдвэр гаргах нь элбэг.
Байрлах газар: Z үеийхэн хостел, жижиг зочид буудал гэх мэт боломжийн үнэтэй газруудыг түлхүү сонгодог. Аялагч оюутнуудын хувьд цагийн ажил хийх боломжтой бүсэд байрладаг газраас татгалзахгүй гэнэ.
Тусламж: Тэдний хэрэгцээ шаардлагыг анхааран сонсож, аюулгүй байдлаа хэрхэн анхаарах мөн тээврийн хэрэгслээ хэрхэн сонгох, захиалах гэх мэт маш бодитой амьдралтай зөвлөгөө өгөх нь тэдэнд маш үнэ цэнэтэй тус юм.
Тэд хэн бэ?: Тэд бол оффист бус алсаас ажиллангаа аяладаг бүлэгт хамаарах хүмүүс юм. Тэдэнд ердөө интернет байхад л ажлаа ч амжуулна, хүссэн газраа ч аялана. Энэ бүлгийнхнийг хувиараа бизнес эрхлэгч, энтрепрёнерүүд болон зайнаас ажиллах боломжтой том компаний ажилчид бүрдүүлдэг. Тэдний нийтлэг шинж нь маш хөдөлгөөнтэй, хаана ч аялаж явж байж магадгүй. Групп аяллыг төдийлөн сонгодоггүй.
Хүсэл сонирол: Ажлаа гүйцэтгэх боломжтой орон зай болон хурдан интернет бол тэдний хамгийн чухал хөшүүрэг. Ажиллах ч, хөгжилдөх ч боломжыг нэг дор олгож байвал тэд хамгийн сэтгэл хангалуун байна. Гэвч интернет удаан, Wi-Fi тасалддаг зэрэг асуудлыг хэзээ ч тэвчиж чадахгүй.
Байрлах газар: Дийлэнх ажиллангаа аялагчид нийгмийн идэвхтэй. Буудлын өрөөндөө ганцаараа үлдэхийн оронд өөртэйгөө ижил сонирхолтой хүмүүсийг олж, ярилцаж суухыг илүүд үздэг. Тиймээс ийм төрлийн зочид аятайхан нийтийн талбайтай, тохилог өрөөг бүрдүүлсэн хостел юмуу зочид буудлыг түлхүү сонгодог байна.
Тусламж: Танайх дээр зохиогдоогүй байсан ч ойролцоо байршилд, ойрын хугацаанд болох эвентийн талаар мэдээлэлтай байж асуусан хүнд нь хуваалцаж байгаарай. Тэд ийм эвентээр л “цангаж” байдаг.
Тэд хэн бэ?: Амрагч зочин бол ажил амьдралын ачааллаасаа хамаараад жилд нэгээс хоёр удаа аялдаг. Тэд ихэвчлэн гэр бүл, найзууд болон чухал хүмүүстэйгээ аяладаг ба ганцаараа аялах нь тийм ч элбэг биш. Амрагч төрлийн аялагчид аялалд зарцуулах мөнгөө урьдчилан төлөвлөсөн, мөн хаашаа хэрхэн яаж аялах талаараа нэлээд судалж бэлдсэн байдаг.
Хүсэл сонирхол: Тэд зорьсон газрынхаа гол үзмэрүүдийг үзэх дуртай. Тэд зорьсон газраа очоод хийж болох бүхий л зүйлийг хийж, мэдрэх хүсэлтэй. Амрагч аялагчид хөтөчтэй хамт группээр аялах, аяллаас буцахаасаа өмнө хангалттай амрах цагийг гаргах нь чухал байдаг.
Байрлах газар: Амрагчид хамгийн сайхан газар буудаллаж амрах дуртай. Сүлжээ зочид буудлууд, бүтик зочид буудлууд нэн тэргүүний сонголт нь мөн. Амрах газрын сонголт нь мөн санал болгох аяллын төрлөөс хамаарна.
Тусламж: Амрагч зочид аяллын зөвлөгөөг хүлээж авах ч дагах нь юу л бол. Учир нь өмнө хэлсэнчлэн аяллын төлөвлөгөө, маршрутаа аль хэдийн гаргачихсан байгаа. Зөвлөгөө нь тэдний аяллаа сайжруулах, бага зэрэг өөрчлөлт оруулахад тусалж магадгүй. Харин тэдэнд тухайн бүс нутгийн гарын авлага, газрын зураг, үзвэр үйлчилгээний танилцуулга зэргийг өгвөл туйлын баяртай байх болно.
Тэд хэн бэ?: Дийлэнх миллениалууд (1980-1995 онд төрсөн хүмүүс) одоо эцэг эх болсон. Туршлагатай аялагчдын хувьд тэд аяллаа гэр бүл, хүүхдүүдтэйгээ үргэлжлүүлэх хүсэлтэй болсон. Нэг гэр бүлд олон үеийнхэн (миллениал, Z үе гэх мэт) багтаж байгаагаараа онцлогтой.
Байрлах газар: Амрах газар нь хүүхдэд ээлтэй, хүүхдүүд цагаа сонирхолтой өнгөрүүлж чадах хөтөлбөртэй байвал эргэлзэлгүй сонгоно. Амралтын газар ч бай, зочид буудал ч бай саруулхан өрөөтэй, хүүхэд бэртэж гэмтэхээргүй, хүүхдийн ор, өглөөний цай гэх мэт дагалдах зүйлс үндсэн үнэд багтсан байвал ихэд таалагддаг.
Хүсэл сонирхол: Гэр бүлийн аялагчид бусад төрлүүдийг бодвол арай өөр хэрэгцээ шаардлагатай. Тэдний аяллын төлөвлөгөө урьдчилан гарчихсан, санхүүгийн тал дээр нарийн нягт ханддаг бөгөөд зориулж буй мөнгөө маш үнэ цэнэтэйгээр зарцуулах сонирхолтой.
Тусламж: Тухайн бүс нутгийнхаа гэр бүлд ээлтэй ресторанууд, үйл ажилллагаа, үзвэр зэргийн талаар мэдээлэл хүргэвэл маш их хэрэг болно шүү.
Тэд хэн бэ?: Ахимаг буюу 57-75 насныхан одоо тэтгэвэртээ гарчихсан, аялалд тодорхой цагийг зарцуулдаг болжээ. 2018 оны статистикт ахимаг насныхан жилд дунджаар 4-5 аялал хийж 6300 орчим доллар зарцуулж байгаа ба энэ нь бусад төрлийн аялагчдаас илүү их мөнгө зарцуулж байгааг илтгэж байв. Тэд ихэвчлэн хосоороо юмуу найзуудаараа аяладаг.
Хүсэл сонирхол: Тэд дотоодын аяллууд, хөтчөөр тайлбарлуулан явах хөтөлбөрүүдэд дуртай.
Байрлах газар: Зочид буудал, амралтын газрын зэрэглэл, үйлчилгээ зэргийг тэд анхаарах ч амрах газраа сонгох хамгийн чухал хүчин зүйл нь ТОХЬ ТУХ.
Тусламж: Энэ төрлийн зочид гар утсан дээрээ ажиллахдаа тийм ч сайнгүй учраас газрын зураг, аяллын мэдээлэл зэргийг хэвлэмэл байдлаар авах дуртай. Хэрвээ танайх аяллын компанитай хамтарч ажилладаг бол ахимаг насны зочдод санал болговол тэдний хувьд аяллын дурсамж бүтээхэд цаг хэмнэсэн, тун аятайхан сонголт болно.
Тэд хэн бэ?: Үүргэвчтэй аялагчид үнэ болон төсөвт маш няхуур ханддаг. Энэ төрлийн аялагчид жилд хэдэн удаа, өөр өөр газар руу аяладаг.
Хүсэл сонирхол: Үүргэвчтэй аялагчид яг л уугуул иргэн шиг аялаж, зугаацах сонирхолтой байдаг. Тэд үндэсний хоолыг нь амталж, нутгийн иргэдтэй ойр байрлаж, мөн шөнийн амьдралыг нь мэдрэхийг хүсдэг. Очсон газрынхаа өдөр тутмын амьдрал, онцлогийг илүү ойроос мэдрэхийн тулд цагийг дэмий өнгөрөөдөггүй. Үнэгүй Wi-Fi тэдэнд маш хэрэгцээтэй.
Байрлах газар: Энэ төрлийн аялагчдын байрлах гол сонголт бол хостел болон хямд буудлууд байдаг. Нийтийн өрөө, дундын ариун цэврийн өрөө зэрэг нь үүргэвчтэй аялагчдад огтхон ч асуудал биш.
Тусламж: Үүргэвчтэй аялагчдын хамгийн их эрж хайж явдаг зүйлс бол аялалд нь санал болгох газрууд, үзвэр үйлчилгээ, газрын зураг зэрэг байдгийг санууштай. Тэдэнд аяллын ерөнхий төсөөлөл байгаа ч нарийвчилсан төлөвлөгөө гаргаагүй байх нь элбэг. Тиймээс таны зөвлөгөөг дуртайяа хүлээн авах болно.
Тэд хэн бэ?: Тансаг аялагчид гайхалтай дурсамжийг бүтээхийн тулд ахиухан мөнгө зарцуулж, өндөр хүлээлт тавьж байдаг. Тансаг аялагчдын 82% нь гэрлэсэн хосууд байдаг учраас ийм зочид хүлээж авах бол хосоороо болон бүлгээрээ ирнэ гэж тооцоорой. Тэд дээд зэрэглэлийн үйлчилгээ, гайхалтай дурсамж бүтээхийг хүсэж байгаа тул үүнийхээ төлөө илүү мөнгө төлөхөөс татгалзахгүй. Аяллын зөвлөх үйлчилгээ авч, төлөвлөж аялах нь элбэг.
Хүсэл сонирхол: Төгс үйлчилгээ, дээд зэргийн тохилог байдал, жижиг зүйлсэд ч ач холбогдол өгсөн байхыг хүсдэг. Тусдаа вип аялал, онцгой туршлага хуримтлуулах хөтөлбөр, тансаг дэлгүүрээр хэсэх зэрэг нь тэдний аяллын гол зүйлс байдаг.
Байрлах газар: Брэнд зочид буудлуудаас гадна тухайн газраа хамгийн дээд зэрэглэлийн, тансаг орчин төгс үйлчилгээтэй зочид буудал, амралтын газар, ресорт, иннүүдээс сонгож байрладаг.
Тусламж: Тусгай үйлчилгээ үзүүлдэг аяллын компани, ресторануудын талаарх мэдээлэл тэдэнд хамгийн хэрэгцээтэй. Тэднийг асуухаас нь өмнө онцгой үйлчилгээ үзүүлж, туслахад бэлэн байх хэрэгтэй.
Аялагч, зочдын зан чанарын онцлогийг мэдэж авснаар та одоогийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, шаардлагатай бол цааш дэлгэрүүлэн судалж, хэтийн стратеги төлөвлөлтөө гаргахад тань тус болж чадна гэж найдаж байна.
Эх сурвалж: https://www.cloudbeds.com/