MyHotel академиас зохион байгуулсан онлайн сургалтыг зөвлөмж болгон танд хүргэж байна. Манай сургалтанд Монголын зочид буудлуудын холбооны Гүйцэтгэх захирал, Зочлох үйлчилгээний мэргэшсэн зөвлөх Н.Батцэнгэл зочноор оролцож бидэнд хэрэгтэй мэдээ мэдээллийг хүргэлээ.
Монгол улсад дээд зэрэглэлийн зочид буудлууд, жуулчны баазуудад одны зэрэглэл тогтоох журам 2002 онд дэд бүтцийн сайдын 150-р тушаалаар батлагдсан. Хэрэглэгчдэд зориулагдсан үйлчилгээний стандарт буюу зочид буудлын үйлчилгээний чанарын үндсэн шаардлага MNS 5927:2008 стандарт үндсэн үзүүлэлтийн дагуу зэрэглэл тогтоодог. Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас зочид буудалд тавигдах ерөнхий шаардлагын стандарт буюу MNS 4688:2008 гэсэн стандартаар энэхүү бизнесийг аюулгүйгээр явуулах боломж нөхцлийг стандартын хамгийн наад захын хэрэгцээг хангаж чаджээ гэдгийг тогтоодог. Орон нутагт стандартчилал хэмжил зүйн газраас стандарт тохирлын үнэлгээний хуулийн дагуу тохирлын үнэлгээ тогтоож гэрчилгээжүүлэлт явагддаг. Тохирлын үнэлгээ явагдахдаа MNS 4688:2008 үзүүлэлтийн дагуу хийгддэг. Энэхүү үнэлгээ нь зэрэглэл тогтоохоос ялгаатай бөгөөд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн стандартыг хангасны дараа өөрсдийн хүсэлтээр зэрэглэл тогтоох үнэлгээ хийлгэх хүсэлт явуулах боломж бүрдэх юм.
Та ямар төрлийн зочлох үйлчилгээний бизнес эрхэлдгээс хамаараад стандартууд нь ялгаатай байна. Дэлхий нийтэд зам дагуух аялагчдад зориулсан мотелын, транзит зочид буудал, хөлөг онгоцны буудлын гэх мэт тухайн нэр төрөл дээр тавигдах стандарт, нөхцөл, аюулгүй байдлыг хангах үзүүлэлтүүдээ дагаж мөрдөнө гэсэн үг юм.
Илүү ойлгомжтойгоор илэрхийлвэл одны зэрэглэл гэдэг нь их дээд сургуулийн магадлан итгэмжлэлтэй ижил ойлголт юм. Одны зэрэглэлтэй байх нь:
1. Чанар
2. Нэр хүнд
3. Иж бүрэн үйлчилгээ
4. Эрсдэл, аюулгүй байдлыг хангаж чадна гэдэг баталгаа юм.
Зочид буудлын Чанарын зэрэглэл нэмэгдэх тутам үйлчилгээний төрөлжилт нэмэгдэж байдаг. Зүүн Өмнөд Азийнхан илүү тав тухтай зэрэглэл өндөр зочид буудалд амрахыг илүүд үздэг бол Европын аялагчид дундаж буюу 3 одтой зочид буудлыг илүүтэй сонгож үйлчлүүлдэг байна. Хэрэв та гадаадын жуулчдаар өөрийнхөө зочид буудлыг сонгон үйлчлүүлэхийг хүсч байгаа бол заавал одтой байх шаардлага гарч ирэх нь гарцаагүй.
Барилга байгууламжинд тавигдах шаардлага, өрөө үйлчилгээнд тавигдах шаардлага, бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй асуудлууд гэх мэт маш олон янзын үзүүлэлтүүд зэрэглэл тогтоох журамд хамаарагдаж байдаг. Жишээлбэл : 1-3 одтой зочид буудлууд хурлын өрөөтэй байх ёстой байдаг бол 3-5 одтой зочид буудлын хувьд наад зах нь машины зогсоолыг бүрэн шийдсэн байх шаардлагатай байдаг байна.
Тэгвэл хэрхэн одны зэрэглэлтэй болох вэ?
Хэрвээ та шинээр зочид буудлын бизнес эхлүүлэх гэж байгаа бол хамгийн түрүүнд зочид буудлын үйлчилгээний чанарын үндсэн шаардлага MNS 5927:2008 стандартыг уншиж судлахыг танд зөвлөж байна. Зочид буудлын техникийн зургийн стандарт маш нарийн байдаг тул барилга байгууламж барихдаа л анхнаасаа анхаарлаа хандуулж нарийн чиглэлийн хүнтэй хамтран ажиллах хэрэгтэй. Мэдээж энгийн орон сууцны барилгын архитектур хүн одны зэрэглэлтэй зочид буудлын ариун цэврийн өрөөний стандарт ямар байх ёстой талаар мэдэхгүй шүү дээ.
Та зочид буудлын үйлчилгээний чанарын үндсэн шаардлага MNS 5927:2008 стандартад нийцэж байгаа эсэхээ өөрийгөө үнэлэх юм. Энэ шаардлагууд дээрх үзүүлэлтүүдийн 85%-г хангаж чадаж байвал Улсын зэрэглэл тогтоох комисст цахимаар юмуу бичгээр хүсэлт илгээнэ. Таны явуулсан хүсэлтийн дагуу бүрдүүлэх материалын жагсаалт ирнэ. Та материалаа бүрдүүлэн илгээснээр жилд нэг удаа ерөнхий сайдын тушаалаар томилогдсон улсын зэрэглэл тогтоох комиссын ажлын хэсэг таны зочид буудалд очиж хяналт шинжилгээ явуулах юм. Улсын зэрэглэл тогтоох комиссын шалгалтаар танай зочид буудал шаардлага хангаж байна гэж үзвэл та одны зэрэглэлтэй болно гэсэн үг юм.
Хэрэв та од авахыг хүсч байвч шаардлагуудыг бүрэн хангаж чадахгүй байна уу? Тэгвэл та зочид буудлын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэснээр танай буудалд од авахад юу дутагдаж байна вэ? Хэрхэн яаж ажиллах ёстой вэ? гэдэг талаар нарийн зөвлөгөөг өгч чадна. Жишээ нь хэдий танай зочид буудал саруулхан том цэлгэр байлаа ч тухайн орон зайг зөвөөр ашиглаж чадаагүй бол харамсалтай шүү дээ. Үүдний танхим, коридорын тэр их орон зайд маш олон чиглэлийн мэдээллээр хангах хэсгүүдийг бий болгож болох юм.
Та Монголын Зочид Буудлуудын холбооны гишүүн болсноор зөвхөн одны зэрэглэл авахтай холбоотой асуудлаар мэдээлэл авахаас гадна зочид буудлуудын нэгдсэн экспод оролцох үедээ талбайг үнэ төлбөргүй түрээслэх юм. Мөн тогтвортой хөгжлийн асуудалд оролцож, дуу хоолойгоо хүргэхэд нээлттэй болох зэрэг олон давуу талтай юм.
Зочид буудлын үйлчилгээний чанарын үндсэн шаардлага MNS 5927:2008 стандартыг хангаж байгаа эсэхээ мэдэхийг хүсвэл доорх холбоосоор орж үзнэ үү.