Зочлох үйлчилгээний салбар дахь карьерынхаа дараагийн алхамыг хайж байна уу? Та зочлох үйлчилгээний салбарт хэсэгхэн хугацаанд ажиллаж байсан эсвэл энэ салбарын ахмад зүтгэлтэн байсан ч зочид буудал, ресторан эсвэл бусад зочлох үйлчилгээний байгууллагад ажиллаж байхдаа хөгжүүлсэн ур чадвараараа бахархаж, баярлах хэрэгтэй. Зочлох үйлчилгээний дадлага туршлагатай байх нь танд энэ салбараас гадуур өөр ажил эрхлэх сонирхолтой байсан ч үй олон ашиг тус өгдөг бөгөөд ихэнхи ажил олгогчид зочлох үйлчилгээний туршлага, ур чадвартай хүнийг илүүд үздэг. Хэрэв та анкетаа баяжуулж байгаа эсвэл танд ажил хайх урам зориг хэрэгтэй байгаа бол зочлох үйлчилгээний туршлагынхаа 30 давуу талыг уншаарай.
Зочлох үйлчилгээний ажил нь карьерынхаа туршид ашиглахуйц олон янзын ур чадварыг хөгжүүлэх хамгийн тохиромжтой нөхцлийг бий болгодог.
1. Харилцааны ур чадвар– Зочлох үйлчилгээний аливаа ажил, томоохон төлөөлөгчөөс авхуулаад энгийн тогоочоос хүртэл хүчтэй харилцааны ур чадварыг шаардаж байдаг. Та арга хэмжээний үеэр мөн ачаалалтай үед хэрхэн үр дүнтэй харилцах эсвэл хамгийн хэцүү зочидтой яаж харилцах талаар сурах болно.
2. Сонсох чадвар- Мэдээж та сайн сонсогч биш бол таны харилцааны ур чадвар сайн биш гэсэн үг! Жишээлбэл, та зочдын гомдол гаргах болсон шалтгааныг олж мэдэх, эсвэл шинэ бодлого, журмын талаар сурахдаа сонсох чадвараа хөгжүүлж байдаг. .
3. Асуудлыг шийдэх- Ихэнх зочлох үйлчилгээний ажлын цөм нь үйлчилгээг сайжруулах эсвэл асуудлыг шийдвэрлэхэд оршдог. Хэзээ нэгэн цагт та бухимдалтай байгаа зочныг эерэг нэгэн болгож өөрчилж байсан уу? Эсвэл бүх өрөө дүүрсэн байхад шинэ ирсэн зочныг байршуулж байсан уу? Эдгээр нь бүгд үйл ажиллагааны явцад асуудлыг шийдвэрлэх жишээ юм.
4. Зочдод үйлчлэх мэргэжлийн ур чадвар- Зочлох үйлчилгээний бүхий л үйл ажиллагааны зорилго нь гайхалтай үйлчилгээ үзүүлэхэд оршино. Та зөвхөн үйлчилгээг сайжруулахдаа гарамгай биш ч гэсэн зочид, үйлчлүүлэгчдэд гайхалтай туршлагыг бий болгож сурах болно.
5. Техник технологийн мэдлэг-Зочлох үйлчилгээний салбарын өдөр тутмын үйл ажиллагаа нь олон янзын дижитал хэрэгсэл, системүүдэд тулгуурладаг бөгөөд энэ салбарын ажлын байран дээр техник технологийн мэдлэг шаардагддаг. Таны байр суурь танд борлуулалтын систем, үл хөдлөх хөрөнгийн менежментийн систем, маркетингийн програм хангамж болон бусад чиглэлээр мэргэшсэн хүн болох боломжийг олгож магадгүй юм.
6. Жижиг зүйлсийг ч анхаарах– Хэрэв танд зочлох үйлчилгээний туршлага байсан бол зочдод сайхан сэтгэгдэл төрүүлэхэд нарийн ширийн зүйлд анхаарлаа хандуулах нь нэн чухал болохыг мэднэ. Хясааны харшилтай зочинд үдийн хоолны захиалга өгөхөөс эхлээд зочдын ачааг машинд болгоомжтой ачих зэрэг бүх зүйлд нягт нямбай хандахыг шаарддаг.
7. Борлуулалт: Ресепшн, рестораны зөөгч, барменууд нь зарах урлагийг бүрэн эзэмшдэг. Эдгээр үүрэгт ажил нь хэрэгцээг хэрхэн мэдрэх, хэрхэн үр дүнтэй борлуулахыг сургадаг бөгөөд энэ нь таны карьерын замнал өөр салбар руу чиглэж байлаа ч мэдэхэд илүүдэхгүй чухал чадвар юм.
8. Чухал өгөгдөлтэй харьцах- Зочид буудал, зоогийн газарт олон янзын үүрэг гүйцэтгэх явцад зээлийн картын мэдээлэл, төрсөн он сар өдөр, засгийн газрын үнэмлэх болон бусад нууц мэдээлэлтэй харьцах шаардлагатай байдаг. Энэ өгөгдөлтэй хэрхэн аюулгүй, найдвартай харьцах талаар сурч мэдсэнээр та энэ хариуцлагыг хүлээх чадвартай итгэлтэй ажилтан гэдгээ баталж чадна.
9. Тасралтгүй боловсрох- Таны карьерыг дараагийн түвшинд хүргэх ур чадвар эзэмшихийг хүсч байна уу? Олон зочлох үйлчилгээний компаниуд илүү сайн менежер, манлайлагч болоход туслах тасралтгүй сургалтын хөтөлбөртэй байдаг. Танай зочид буудал эсвэл ресторан нь таны үүрэгт ажилтай онцгой хамааралгүй боловч дарсны амталгааны анги, цэс амтлах гэх мэт сонирхолтой сургалтуудыг явуулдаг байж болох юм.
10. Хөрвөх чадвар- Таны зочлох үйлчилгээний ажлын туршлага таны намтар дээр бичигдсэн байдаг тул та энэ салбарт үүрд үлдэх хэрэгтэй гэсэн үг биш юм. Чухамдаа харилцааны ур чадвар, уян хатан байдал гэх мэт зочлох үйлчилгээнд хэрэглэж байсан ур чадварууд тань өөр салбарт ч давуу тал болно. . Зочлох үйлчилгээний туршлага нь үнэн хэрэгтээ бизнес, боловсрол, анагаах ухаан, үзвэр үйлчилгээ, технологи, нийтийн үйлчилгээ гэх мэт өөр өөр чиглэлүүдэд карьераа эхлүүлэхэд тохиромжтой гарц бөгөөд Том Ханкс, Лади Гага зэрэг одууд алдар нэрт хүрэхээсээ өмнө зочид буудал, ресторанд ажиллаж байсан.
11. Үргэлжлүүлэхэд бэлэн туршлага- Хөрвөх чадварын талаар ярих юм бол, жишээ нь зочлох үйлчилгээний салбараас гадуур хэрэглэгчдэд үйлчлэх ажилд хамрагдах гэж байгаа бол намтартаа олон өөрчлөлт оруулах шаардлагагүй. Өдөрт ирсэн дуудлага, туслалцаа авсан зочдын тоо, зочдын сэтгэл ханамжийн оноо гэх мэт статистик үзүүлэлтүүд таныг бүрэн илэрхийлнэ.
Зочлох үйлчилгээний менежментийн туршлагын хамгийн том давуу талын нэг бол эдгээр ажлууд нь үйлчлүүлэгчидтэй харилцах туршлагаар дамжуулан хувийн ур чадварыг хөгжүүлэх хязгааргүй боломжийг олгох явдал юм. Ресепшний ажил нь зочидтой ажиллахад илүү тэвчээртэй, уян хатах байхыг сургадаг. Бүх зочлох үйлчилгээний ажил үүрэг нь танд илүү сайн багийн тоглогч болж, хувийн сүлжээгээ хөгжүүлэх боломжийг олгодог.
12. Ярианы ур чадвар- хэрэв та бүртгэл, консерж гэх мэт ажил хийдэг бол ажилд орохоосоо ч өмнө ийм чадвартай байсан байж болно. Хэрэв үгүй бол танд ярианы ур чадвараа сайжруулах таатай боломж олдсон гэсэн үг. Учир нь харилцан яриа нь зочдод таатай мэдрэмж төрүүлдэг.
13. Уян хатан байх- Таны зочлох үйлчилгээний ажлын үеэр гэнэтийн нөхцөл байдал үүсч байсан уу? Салбарын ахмад зүтгэлтнүүдийн ихэнх нь галзуу гэмээр нөхцөл байдалтай учирч байсан түүхтэй байдаг тул шийдэл олохын тулд олон талаас бодож, уян хатан байхыг шаарддаг. Зочлох үйлчилгээний ажил үүрэгт та зарим үед өөр хэлтэст туслах, эсвэл шинийг турших шаардлага гардаг тул эдгээр нь танд уян хатнаар хүлээн авах боломжийг олгоно.
14. Сэтгэл хөдлөлийн оюун ухаан- Хэрэв та зочдын хэрэгцээг урьдчилан харж сурсан бол энэ нь сэтгэл хөдлөлийн оюун ухаанаа ашиглаж сурчээ гэсэн үг юм. Зочдын дууны өнгө, биеийн хэлэмж зэрэг жижиг дохионуудыг уншаад тэдний хүсэл, хэрэгцээний талаар илүү их зүйлийг олж мэдэх боломжтой болно. Сэтгэл хөдлөлийн оюун ухаан бол таны карьерын замнал хаашаа ч чиглэсэн бай эргэлзэх зүйлгүй хүчирхэг ур чадвар юм.
15. Багаар ажиллах- Зочлох үйлчилгээ эрхэлдэг бүхий л бизнес нэгээс олон ажилтантай байдаг тул та зочид буудлын аль ч хэлтсийн ажилтан байсан хамаагүй багаар ажиллах болно. Гайхалтай зочид буудал, ресторанууд нь тос сайтай машин шиг ажилладаг тул та илүү сайн багийн тоглогч болох боломжтой болно гэсэн үг юм. Зочид буудлын өрөөг цэвэрлэхээс эхлээд үйлчлүүлэгчийн хүсэлтийг идэвхитэйгээр шийдвэрлэх нь хүртэл зочлох үйлчилгээний багийн тоглолт юм.
16. Манлайлах ур чадвар- Олон зочлох үйлчилгээний байгууллагууд нь шатлан захирагддаг бөгөөд хэрэв та доод шатны түвшний ажил эрхэлж эхэлсэн бол хяналтын үүрэг гүйцэтгэхэд тийм ч их хугацаа орохгүй байх. Зочид буудал, зоогийн газрууд нь ирээдүйн менежерүүд, удирдагчдыг сургах төгс орчин юм.
17. Тэвчээр- Та доод түвшний ажилтан эсвэл менежер байхаас үл хамааран зочид буудал, ресторанд ажиллах нь тэвчээртэй байхад сургах болно. Энэ нь зөвхөн карьерын төдийгүй амьдралын чухал чадвар юм.
18. Бусдын оронд өөрийгөө тавьж үздэг чанар- Заримдаа бид зочдынхоо шаардлагын талаар заргалддаг боловч зочиндоо анхаарал тавьсаар л байдаг. . Зочлох үйлчилгээний салбарт ажиллах нь тэдний хүсэл, хэрэгцээ, уур бухимдлыг илүү сайн ойлгохын тулд зочдынхоо оронд өөрийгөө тавьж үзэх эмпати чадварыг хөгжүүлэхэд тусалдаг.
19. Шударга байдал- Зочид буудалд ажиллах нь танд хялбар зүйлийг хийхийн оронд зөв зүйл хийх олон боломжийг олгодог. Жишээ нь та согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үйлчлүүлэгч жолоо барьж гэртээ харих гэж байсныг зогсоосон байж болох юм. Шударга зан чанартай хүн байх нь ажил мэргэжлийн болон амьдралд амжилтанд хүрэхэд тусална.
20. Нууцлал- Зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчид өндөр зэрэглэлийн зочдын тухай нууц хадгалах ёстой бөгөөд энэ нь ажилтан бүр нууц асуудалд итгэмжлэгдсэн байдаг гэсэн үг юм. Нууцыг чандлан сахих үүрэг хүлээх нь чухал өгөгдөл, өндөр хариуцлагатай байдалд итгэж болохыг нотлох юм.
21. Янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүстэй ажиллаж байсан туршлагатай байх- Зочлох үйлчилгээний ажлын хамгийн баялаг хэсгүүдийн нэг бол амьдралын бүхий л давхаргын хамт олонтой ажиллах явдал юм. Ажилчдын хувцас солих өрөөнд янз бүрийн хэлээр ярих эсвэл дэлхийн өнцөг булан бүрээс ирж бусадтай зэрэгцэн ажиллаж буйг сонсох нь цөөнгүй байдаг. Эдгээр туршлага нь олон янз байдлыг үнэлж, илүү үр дүнтэй, бусдыг боддог удирдагч болоход тусална.
22. Үнэ цэнэтэй сүлжээ- Зочлох үйлчилгээний мэргэжилтнүүд өдөр бүр хамт олноос гадна зочдоос эхлээд худалдааны менежерүүд хүртэл сонирхолтой хүмүүстэй уулзах боломжтой байдаг. Өргөн цар хүрээтэй сүлжээ таныг өөрийн тань мэдээгүй байгаа олон боломжууд руу хөтөлж магадгүй юм.
23. Олон улсын туршлага- Янз бүрийн соёл иргэншилтэй хүмүүстэй хамтран ажиллах, тэдэнд үйлчлэх нь зочлох үйлчилгээний ажлын байран дахь сонирхолтой туршлагуудын нэг. Зочлох үйлчилгээ нь дэлхийн аж үйлдвэрлэл тул гадаадад ажиллах боломж танд олдож магадгүй юм. Олон улсын ажлын туршлага нь шинэ хэл сурах, өөр зан заншлыг ойлгох, бусад соёл иргэншилд нүдээ нээх боломжийг олгодог.
Зочлох үйлчилгээний ажлын байр нь зөвхөн эрэлт хэрэгцээтэй ур чадвараар анкетаа дүүргээд зогсохгүй уламжлалт оффисын ажлаас хэзээ ч олж чадахгүй гайхалтай хөнгөлөлтүүдийг санал болгодог. Салбараа солих эсэх талаар эргэлзсээр байна уу? Энэ жагсаалт таныг зочлох үйлчилгээний салбартаа үлдэхийг уриалж магадгүй юм.
24. Зочид буудалд үнэгүй буудаллах- Зочид буудлын салбарт ажиллахын хамгийн сайн давуу тал юу вэ? Үнэ төлбөргүй өрөө!! Зөвхөн зугаа цэнгэлээс гадна зочлох үйлчилгээг мэдрэх нь өөрийн байгууллагаа эсвэл карьераа сайжруулах боломжийг олж харахад тусална.
25. Зочид буудал доторх карьерын өсөлт– Зочлох үйлчилгээний бизнесүүд, ялангуяа зочид буудлууд нь шатласан тогтолцоотой байдаг бөгөөд дээд хэсэгт буюу ерөнхий менежерийн үүрэг хүлээхэд тодорхой замналыг туулдаг. Хэрэв та хэзээ нэгэн цагт сайн менежер болох гэж байгаа бол нэг зочид буудалд доод түвшний ажлаас дээшээ гарах боломжтой болно.
26. Брэнд доторх карьерын өсөлт- Хэрэв та Марриотт, Хилтон гэх мэт томоохон зочид буудлын компанид ажилладаг бол дотоод шилжилт хийх боломж маш их байдаг. Хэрэв та нэг хотод байрлах оффисын менежер бол өөр сонгосон байршлын салбар дахь ижил төстэй албанд шилжих боломжтой.
27. Олон улсын боломжууд- Зочлох үйлчилгээний мэргэжлээрээ дээшлэх тусам гадаадад ажиллах талаар бодож эхэлж магадгүй юм. Зочид буудлын олон брэнд, группууд шинэ улс руу нүүж очихын тулд визаны төрөлжүүлэлт, түр оршин суух байр, хэлний мэдлэг олж авахад туслах олон улсын солилцооны хөтөлбөртэй байдаг.
28. Хүмүүсийн амрах газар ажиллах- Битүү оффисын барилга байгууламжийг март. Хэрэв та зочлох үйлчилгээний чиглэлээр ажилладаг бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудаар аялах боломжтой байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид эрүү мултармаар архитектур, төгс дүр төрхөөр хүрээлэгдсэн орчинд амьдарч байна шүү дээ.
29. Зочдын онцгой өдрийг тэмдэглэх- Зочлох үйлчилгээний мэргэжил нь зочдын хүсэл мөрөөдлийг биелүүлэх үүрэг хүлээдэг байж болох юм. Магадгүй та гэнэтийн сүй тавих үдэшлэг зохион байгуулахад туслах эсвэл бяцхан зочинд чихмэл өгөхдөө насан туршийн дурсамжийг бүтээлцэж буйгаа мэдрэх нь танд онцгой сэтгэл ханамжийг үлдээдэг билээ.
30. Нэг салбарынхан- Зочлох үйлчилгээний холбоо хэлхээ нь танай зочид буудал эсвэл рестораны үүдэнд дуусахгүй; бүхэл бүтэн салбараараа нэг том гэр бүл билээ. Олон хотод хөгжсөн нэг соёл бол салбарын ажилтнуудад зориулсан онцгой хөнгөлөлтийг ресторан, баар, зочид буудалд зочлоход зөвхөн зочлох үйлчилгээний ажилчдад үзүүлдэг.
Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж нь зочлох үйлчилгээний хамгийн чухал зүйл. Бусдад үйлчилж сурснаар таныг карьер болон хувийн амьдралдаа илүү сайн хүн болгоход туслах болно. Цар тахалтай тэмцэж буй өнөө үед зочлохуйн салбарын карьер хамгийн их сорилттой тулгарсан байж болох ч үүнээс үүдэлтэй эерэг сайн талууд илүү олон гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: https://hoteltechreport.com/news/hospitality-experience